УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2025.01.10) Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж баталлаа.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд уг асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг зохицуулагдаагүй байсан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2025.01.09) Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийг баталж, уг хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо гэрээний төслийг тус тусын хуралдаанаар урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэгтгэн хэлэлцжээ. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн байна.
Зөөвч-Овоо төсөл хэрэгжих хугацаанд Зүүнбаянгийн төмөр замыг өртгөтгөх, 160 км засмал болон сайжруулсан автозам татах, 500 хүн амтай жижиг тосгон байгуулна.
Нийт 1600 гаруй хүн ажиллахын 17 нь гадаадын иргэн байна. Мөн газар дор уусган баяжуулах технологийг дэлхийн нийт ураны үйлдвэрлэлийн 54-60 хувьд ашиглаж байгаа, олборлохуйц хэмжээний ураны нөөцтэй давхаргын усыг олборлолтоос өөр зориулалтаар ашиглах боломжгүй, хүн, мал амьтанд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг төслийн хүрээнд хийх бөгөөд нөлөө бүхий гэж үзвэл бүс нутгийг малгүй болгож, малчдад нөхөх олговор олгохтой холбоотой зохицуулалтууд гэрээний төсөлд туссан байна. Түүнчлэн зардлын шинжтэй төлбөр, хураамжийг Монголын талын өгөөжид тооцуулахгүй авч үлдэж чадсан, маркетингийн төлбөрийг хөрөнгө оруулагч талын өгөөжид 2 хувиар тооцож байгаа, аюултай хог хаягдлын менежментэд нийт 2.3 сая ам.доллар, хүхрийн хүчлийн үйлдвэр барихад 96.2 сая ам.доллар төлөвлөжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны уг гэрээний төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 79.3 хувь нь дэмжсэн тул “Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо. Тогтоолд, Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Франц Улсад бүртгэлтэй “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөнд тооцсугай гэжээ.