“Чайна Энержи”, “Орано Майнинг”: 15 жилийн өмнөх алдааг давтана, давтахгүй

С.БОЛД-ЭРДЭНЭ

bolderdene@mininginsght.mn

Франц Улсын “Орано Майнинг”-тай байгуулах ураны ордын Хөрөнгө оруулалтын гэрээ, Хятад Улсын “Чайна Энержи”-тэй байгуулах “Нүүрс худалдах, худалдан авах” гэрээнүүд хоёр оны зааг дээр хамгийн их анхаарал татаж байна. Хоёр гэрээнд яг адилхан нэг зүйл байгаа нь хоёулаа Монголын түүхэнд хоёрдогч гэрээнүүд. Тэдний өмнө “Рио Тинто” болон “Чалко”-гийн гэрээнүүд байгуулагдаж байсан бөгөөд Монголын Засгийн газар нэлээд “новширсноороо” зартай. Тэр хэрээр гэрээ байгуулахыг хүсэгч талууд Монголын Засгийн газрыг нэлээд шахамдуулж байгаа нь сүүлийн сард өрнөсөн үйл явдлаас ойлгомжтой харагдана.

“ЧАЙНА ЭНЕРЖИ” – “ЧАЛКО”-ГИЙН БАРЬЦЫГ АХИУЛНА

“Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон дараагийн “Оффтейк” гэрээний шуугиан арваннэгдүгээр сард Төрийн ордон дахь шуугианд дарагдасхийгээд өнгөрөв. Гэхдээ Засгийн газар уг гэрээг “Оффтейк” гэрээ гэхгүй Олон улсын гэрээ гэж тодотгож байгаа юм. Засгийн газар Хил холболтын төмөр замыг ямар нэг байдлаар барьж дуусгахыг ихэд эрмэлзэж байгаа нь илт. Хятадтай хиллэх 4 боомтыг төмөр замаар холбож чадахгүй бол Монголын экспорт, эдийн засгийн өсөлт үүнээс цааш тэлэхгүй гэдэг нь гол шалтгаан. Тиймээс ч “Чайна Энержи” тэй ямар нэг байдлаар тохиролцож, гэрээлэх нь тодорхой биз. Гэхдээ “Оффтейк” ч бай, Олон улсын гэрээ ч бай “Чайна Энержи”-тэй байгуулах гэрээ нь “Чалко”-гийн гэрээний алдааг давтах вий, Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг унагаах вий гээд олон болгоомжлолыг араасаа дагуулж байна. Уг гэрээний асуудал олны анхаарлыг татаж буй нь анх удаа болохоос Гэрээ байгуулах замыг эртнээс бэлдэж ирсэн байдаг. 

Хэзээнээс яригдаж эхэлсэн бэ? Хятадын талтай Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замыг барьж байгуулах тухай эртнээс яригдаж байсан ч тодорхой ойлголцолд хүрэлгүй явсаар ирсэн. Гашуунсухайт-Ганцмодыг холбоогүй үед бусад 3 чиглэлийн хил холболтын төмөр замыг барих асуудал яригдахгүй гэдэг “мессежээ” Хятадын тал дахин дахин илэрхийлж байв. Харин 2022 оны намар “Эрдэнэс Тавантолгой” огт ашиглаагүй гурван орд дээрээ урт хугацааны хамтран ажиллах хаалттай тендер зарласан аж. Олборлолт, экспортын хүчин чадлаа нэмэгдүүлэх, шинэ уурхай нээх, орлого, татвар, ашгаа өсгөх нэн шаардлагатай цаг үе байсан. Үүний дагуу 16 компани саналаа ирүүлсэн. Тэдний дунд “Чайна Энержи” ч байж. Ингээд л Засгийн газрын хэд хэдэн хүслийн огтлолцол дээр “Чайна Энержи” зогсож байж. Үүнээс хэдэн сарын дараа УИХ-ын 68 дугаар тогтоол гарсан. Хил холболтын төмөр замын ажилтай холбоотой тус тогтоолд Хятадын талаас Ганцмод боомт хүртэлх төмөр замыг эзэмшигч компанитай гэрээ байгуулж, төмөр замыг бариулах, төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” хийх, тус компанитай жилд 20 сая тонн нүүрс нийлүүлэх харилцан ашигтай, тогтвортой, зах зээлийн зарчимд нийцүүлэн урт хугацааны нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөх, гэхдээ төмөр замын төлбөрийг түүхий эдээр төлөх нөхцөлтэй байгуулахгүй байх... гэх мэтээр маш тодорхой заасан байдаг. Нэр нь дурдагдаагүй болохоос тэр компани нь мэдээж “Чайна Энержи”. Үүний дараа 11 дүгээр сард Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Эрдэнэс Тавантолгой”-г зөвхөн биржээр нүүрс худалддаг байх хязгаарлалтаас чөлөөлж өгсөн. Үүний хажуугаар Хил холболтын төмөр замын ТЭЗҮ-г боловсруулах гэх мэт зам тээврийн салбартай хамааралтай бичиг цаасны ажлууд хөвөрсөөр энэ оны 4 дүгээр сард Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж эцэслэсэн байна. Үндсэндээ “Чайна Энержи” тэй гэрээ байгуулахад шаардлагатай бүх эрх зүйн орчин бүрдсэн гэсэн үг. Тэдний саналыг сонсохоор Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа зорин очиж уулзаж.

Бортээг, Ончхараатын орд бол тэрбум тонн нүүрсний баялагтай. “Эрдэнэс Тавантолгой”-н зарласан тендерийн гурван ордоос Бортолгойг хасжээ. Учир нь Бортолгой бол Цанхийн уурхайн дараа ЭТТ-ын гол хүчин чадлыг өгөх боломжтой нөөц юм. Одоо яригдаж байгаа “Чайна Энержи” гийн хүссэн хоёр орд бол Бортээг, Ончхараат. Тодорхой хайгуул, судалгаа хийгээгүй, нөөц нь A, B, C ангиллаар бодогдоогүй гэсэн. Тойм багцаагаар нэг тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй. Тодорхой хэмжээнд коксжих нүүрстэй ийм л орд. “Чайна Энержи” уг хоёр ордод 20 жилийн гэрээт олборлолт хийж, жилд 20 сая тонн нүүрс худалдаж авах саналаа тавьсан. 2029 он хүртэл тэд нарийвчилсан хайгуул хийж, зураг төслөө боловсруулж, олборлолтод бэлтгэх тул энэ хугацаанд ЭТТ-ээс нийт 18 сая тонн нүүрс худалдаж авах юм. 20 жилийн хугацаанд тогтвортой нүүрс худалдах гэрээ гэдэг бол сайн зүйл. Харин ...

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулбал ямар вэ? “Чайна Энержи”-гийн тавьж байгаа нөхцөлүүдийг тэр чигт нь хүлээж авахад хэцүү. Хэцүү ч гэж боломжгүй зүйл. Ядаж л нүүрсний үнийг “Чалко”-гийн аргачлалаар тооцохыг шаардаж байгаа. Дээр дурдсанчлан УУБ-ийн тухай хуульд урт хугацааны нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн биржийн үнийн дунджаар тооцно гэж заасан. Уг хуулийг өөрчлөхгүй бол гэрээ байгуулагдахгүй. Дахиад өөрчлөх шаардлагатай хуулиуд ч бий. 

“Чайна Энержи”-гийн зүгээс “Чалко”-той байгуулсан гэрээний үнийг жишиг болгохоос гадна уурхайн ам нөхцөлөөр авч, өөрсдөө тээврээ хийх сонирхлоо илэрхийлсэн. 

Тэдний хувьд энэ бол “Чалко”-гоос сурсан зүйл гэдэг нь ойлгомжтой. Өөрсдөө олборлолт хийж, өөрсдөө тээвэрлэхгүй л бол ЭТТ-д тийм хүчин чадал байхгүй, магадгүй үнэ унасан үед “Чалко”-д нүүрс нийлүүлэх үүрэгтэй Зүүн Цанхийн уурхайг зогсоож байсан түүх давтагдах эрсдэлтэй гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Тэдний харж байгаа өнцөг бол бараг 20 жил Тавантолгойн нүүрстэй “зууралдаж” байгаа “Чалко”-гийн барьцыг ахиулж, Монголыг гэрээгээ зөрчихөөс сэргийлэх. Харин манай өнцгөөс бол “Чалко” нүүрсний үнийг унагаж, ЭТТ-г цаашлаад Монгол Улсын эдийн засгийг дампуурахад хүргэсэн. “Чайна Энержи” бас тэгж магадгүйгээс гадна Монголын нүүрсний зах зээлийг хумиж ч болзошгүй гэх хардлага бий. Цаашлаад ЭТТ-н 2 ордыг 20 жилээр хямдхан өгч, тээвэр, олборлолт гээд бүгд хятадуудын мэдэлд очиж байгаа гэсэн үг. Энэ хоёрын уулзвар тийм ч амархан нийлэхгүй болов уу. Харилцан тохиролцож, буулт хийж байж уулзвар дээр хоёр тал ирэх учиртай. Магадгүй Засгийн газарт “Чайна Энержи”-гийн гол хүсэл, зорилго юу вэ гэдгийг тандан ойлгох зайлшгүй шаардлага тулгарах байх. Тус компани Хятадын нүүрс олборлолтын магнат, гол нийлүүлэгч. Хүлээсэн үүрэг, хариуцлага гэж бий. Хятад Улс болж өгвөл нүүрсний олборлолтоо бага багаар бууруулахыг зорьж байгаа. Зардал асар өндөртэй гүний уурхайнуудаасаа хааж байгаа тэдэнд найдвартай нийлүүлэгч хэрэгтэй. Монгол бол Австрали, Америк, Оростой харьцуулахад хаяанд нь байрладаг, найдвартай байж болохуйц нийлүүлэгч. Монголоос жил бүр 20 сая тонн нүүрс хямд авахаар болбол тэр хэрээр дотоодын хүнд нөхцөлтэй уурхайнуудын олборлолтоо танах магадлалтай. Тиймээс тэдэнд удаан хугацаанд түншлэх түнш хэрэгтэй ч Монголд төдийлөн итгэхгүй байгаа биз. Ийм үед “Чайна Энержи”-тэй урт хугацаанд түншлэх уг нь Монголд ч ашигтай. Нэгэнт түншлэхийг хүсэж байгаа бол нэгмөсөн “наалдаж” авах нь зөв байж магадгүй. Засгийн газрын угтуулан тавих нөхцлүүд юу байх вэ гэдэг асуудал зайлшгүй босно. Хэд хэдэн хувилбар яригдаж байгаа ч оновчтой нь аль нь вэ гэдэгт Монголын тал эргэлзэж байгаа. Коксжих-химийн цогцолборбариулж тэр нь 2-3 тэрбум ам.доллар болно. Гол болгоомжилж байгаа асуудал болох нүүрсний үнэ унасан ч хамтдаа байх алдагдал авах зарчим бол Бүтээгдэхүүн хуваах гэрээ байдаг. Ихэвчлэн газрын тосны салбарт ашиглагддаг ч нүүрсэн дээр ашиглах бүрэн боломжтой хувилбар юм.

“ОРАНО МАЙНИНГ” - ОЮУТОЛГОЙН АЛДААГ ДАВТАХГҮЙ

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсад айлчлах үеэр “Орано Майнинг” компанитай ХоГ-нд гарын үсэг зурахаар боллоо гэсэн мэдээлэл хүчтэй гарсан ч ХоГ биш Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зураад өнгөрсөн. Шалтгаан нь талууд хамгийн гол зүйл дээр буюу хувь эзэмших тал дээр тохиролцож чадаагүй хэмээн албан бусаар тайлбарласан. Хэрэв тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Цөмийн энергийн тухай хуулиар ХоГ байгуулбал яг Оюутолгойн ХоГ-тэй адилхан зарчим үйлчлэх байсан. 34 хувийг төр үнэгүй эзэмшинэ, түүнд таарсан хөрөнгө оруулалт ойролцоогоор 300 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Засгийн газар ямар нэг байдлаар оруулах шаардлагатай болсон. Ийм тохиолдолд нөгөө л Оюутолгойтой адилхан зээлээр санхүүжүүлэх, улмаар санхүүжилтээ нөхөх гэх мэтээр ногдол ашиг нь алсрах байв. Гарын үсэг зурахаар бэлтгэж байсан холбогдох хүмүүс үүнээс ихээхэн зайлсхийж байсан юм. Учир нь тэднийг С.Баярцогт нар шиг хувь заяа “хүлээж авах” нь ойлгомжтой байв. Нөгөөтээгүүр Францын тал ч “Рио Тинто” шиг гэнэн алдаа гаргахыг хүсээгүй. Дараа нь хэн нэгэн популист улстөрч гарч ирэн “Орано Майнинг” Монгол Улсыг өрөнд орууллаа, өрөө тэглэ, Арбитрт хандана гээд улс төржих нь цаг хугацааны л асуудал гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Тиймээс Засгийн газрыг баттай байдалд нь оруулахын тулд хоёргүй утгаар гэрээг байгуулах, үгүй бол хуульдаа өөрчлөлт оруулахыг нөхөрсөгөөр зөвлөсөн гэх яриа гарсан юм. Мөн Засгийн газрын хувь эзэмшлийг зайлшгүй байх ёстой гэдэг байр суурьтай байсан. Энэ бүхний үр дүнд Засгийн газар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь хамгийн зөв гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. 

Цөмийн энергийн тухай хуульд ямар өөрчлөлт оров? Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 10 дугаар сард өргөн барьж, УИХ яаралтай горимоор хэлэлцэн батлав. Үндсэндээ 2015 онд Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5 дахь заалтыг өөрчилж байсан тэр найруулгыг Цөмийн энергийн тухай хуульд тусгаж өгөв. Энэ нь төр ураны ордод төрийн эзэмших хувь хэмжээг тусгай роялтигаар солих, ХоГ байгуулах үед энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж болох, үүнийг УИХ хэлэлцэн батлах заалтуудыг оруулсан. Мөн Ашигт малтмалын тухай хуульд ураны АМНАТ, өсөн нэмэгдэх АМНАТ-ийн талаар дурдаагүй байсныг Цөмийн энергийн тухай хуульд нэмж өглөө. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр “Орано Майнинг” компанитай байгуулах ХоГ-ний үндсэн тохиролцоо хэдийнэ бэлэн болсныг харуулж байгаа юм. Төр “Бадрах Энержи” компанийн 34 хувийг эзэмших нь тодорхой байсан. Үүнийг тусгай роялтигаар орлуулж, мөн тодорхой хэмжээний давуу эрхийн хувьцаа авахаар яригдаж байна. Мөн өсөн нэмэгдэх роялти нэмж авснаар Зөөвч Овоогийн ураны ордыг ашигласнаар Монгол Улсын хүртэх эдийн засгийн өгөөж хамгийн өндөр түвшинд хүрнэ гэцгээж байна. Одоо давуу эрхийн хувьцаа нь хэдэн хувь байх, тусгай роялти нь хэдэн хувь байх гэсэн тоонууд л тодорхойгүй үлдэж байна. Гэхдээ ...

Зөөвч Овоогийн эдийн засгийн өгөөж бол хачир төдий. Хэдий дэлхийд нөөцөөрөө 12 дугаарт жагсаж байгаа том орд мөн боловч уг төслийн эдийн засгийн өгөөж нь Оюутолгой, эсвэл Тавантолгойн нэг жилтэй л тэнцүү шахуу юм. 30 жилийн хугацаанд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь Оюутолгойн нэг жилд хийж байсан хөрөнгө оруулалт гэсэн үг. Энэ хугацаанд нийт 1.2 тэрбум ам.долларын татвар төлнө гэдэг “Эрдэнэс Тавантолгой”-н энэ жилийн татвартай бараг дүйх хэмжээ. Тийм болохоор “Бадрах Энержи”-гийн эдийн засгийн өгөөж бол өнөөгийн Монголын уул уурхайн салбартай харьцуулахад үндсэн хоолны хачир төдий л зүйл. Харин энэхүү ХоГ-г байгуулснаа ашиглаж араас нь бий болох бусад үр өгөөжийг хэд дахин илүү байлгахыг зорих нь чухал. “Оюутолгойгоос хойш байгуулсан анхны ХоГ болсон, “ИХ 7”-гийн улсуудаас анхны төрийн өмчит компанитай хамтрахаар болсон гэдэг нь бусад барууны хөрөнгө оруулагчид Монголыг дахин сонирхох, бусад дунд том хэмжээний төслүүд хөдлөхөд хамгийн чухал нөлөө үзүүлэх юм. 

“Рио Тинто”-д баярлалаа гэж хэлбэл яасан юм. Сүүлийн хэдэн жил “Рио Тинто”-г дээрэмчин, луйварчин адил хандаж, элдэвлэсээр байгаад 2.3 тэрбум ам.долларынхаа өрийг тэглүүлсэн. Ашигт малтмалын тухай хуульд үнэ төлбөргүй 34 хувийг эзэмшинэ гэж заасан байхад үнэтэй авсан байна, түүнийгээ зээлээр санхүүжүүлсэн байна, өрөнд оруулсан байна, 30 жил ногдол ашиг авахгүй юм байна гээд ХоГ байгуулсан нөхдийг шоронд хүртэл хийж “чангалсан”. Азаар ч юм уу, “Рио Тинто” нь 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд газар булчихсан, гүний уурхайн бүтээн байгуулалт бараг дуусаж, орлого ашиг нь нэмэгдэхийн даваан дээр Засгийн газартай муудалцахыг хүсэлгүй, буулт хийсэн. Өрийг нь тэглэсэн. 

Цөмийн энергийн хуулийг өөрчилж, давуу эрхийн хувьцаа авах, тусгай роялтигаар энгийн хувьцаагаа солих гарц нээж өгсөн гэдэг бол “Оюутолгой”-н ХоГ байгуулсан үеийн хууль эрхзүйн орчинд “Орано Майнинг”-ийн гэрээг байгуулж болохгүй юм байна гэдгийг Төр хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. 

Дагаад Төрийн гэрээ хийхээс зугтаж байгаа хуулийг дагаж Оюутолгойн ХоГ-ээг байгуулсан хүмүүсийг ч цагаатгаж, нэр төрийг нь гишгэлсэн шигээ өргөж өгөх, энэ хуулийн орчинд ХоГ байгуулчихаад хожим 2.3 тэрбум доллар төлсөн “Рио Тинто”-д ч бас баярлалаа гэж хэлэх нь эрүүл саруул хэнд ч ойлгомжтой харагдана. Сонирхуулахад, Төр өнгөрсөн хугацаанд ганцхан удаа алдаанаасаа суралцсан тохиолдол нь стратегийн ордын 34 хувийг тусгай роялтигаар орлуулж болох хуулийн гарцыг 2015 онд ашигт малтмалын тухай хуульд оруулж байсан юм. Уг заалтыг тухайн үед Гацууртын ордын ХоГ болон “Эрдэнэс Тавантолгой”-н ХоГ байгуулвал ашиглахаар оруулж байсан нь одоо ураны орд, Франц улстай байгуулах ХоГ-нд ашиглагдаж байна. 

Майнинг Инсайт сэтгүүл, Арваннэгдүгээр сар 2024