Ж.Батзандан: “Хулгайч” нартай хэлцэл хийх үү, “хулгайд” алдсан ордуудаа буцааж авах уу

Засгийн газрын (2025.02.19) ээлжит хуралдааны шийдвэрээр томилогдоод буй Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдээлэл өнөөдөр (2025.02.20) хийлээ.  Түүний мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна. 

Тэрээр "Засгийн газар энэ хоёрдугаар сарын 5-нд тогтоол гаргаж Монголын уул уурхайн салбарт ялангуяа стратегийн ордуудад нүүрлэсэн хулгай, луйвар, лицензийн наймаатай тэмц гэж намайг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо. Үндэсний баялгийн сан байгуулагдсан. Тус сангийн орлого бол ашигт малтмалын ордуудын АМНАТ, стратегийн ордуудын төрд ногдох хувийн ноогдол ашгаас бүрдэх ёстой. 

Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “хулгайд алдагдахад” Ажлын хэсгийг Ардчилсан намаас миний бие Батзандан ахалж байсан. 2019 онд “Баялгийн хувьсгал”, “Баялгийг ард түмэнд”, “МАНАН бүлэглэлээс баялаг ордуудаа буцааж авъя” гэж Сүхбаатарын талбай дээр 40 мянган иргэдтэй жагсаж хийж явлаа. Энэ тэмцлийн үр дүнд Үндсэн хууль өөрчлөгдөж 6.2 зүйлд стратегийн ордуудын өгөөжийн дийлэнх нь Баялгийн санд төвлөрч, Монголын ард түмэнд тэгш шударга хуваарилах ёстой гэсэн заалт орсныг та бүхэн мартаагүй байх. Яг энэ ажлаа үргэлжлүүлж Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйл болон Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр би томилогдож энэхүү мэдээллийг хийж байна. 

Стратегийн нийт 55 орд бий. 2007 оны 27 дугаар тогтоолоор Стратегийн ордуудын жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтад 16 ордыг оруулсан. Үлдсэн 38 ордыг стратегийн жагсаалтад оруулж УИХ-аар батлуулах шийдвэр тухайн жил гарсан. Одоогоос 18 жилийн өмнө. Гэтэл өнөөг хүртэл стратегийн ордуудыг “хулгайлаад” дуусаж байна. Энэ 16 ордын хамгийн сор болсон ордуудыг “идэж, уугаад” дууслаа. 

Жагсаалтын зургаадугаарт Оюутолгой ордын ил уурхайн олборлолт дуусаад гүний уурхай руу ороод 30-40 хувь олборлоод байна. 2040 онд бид нар ногдол ашиг авах үед ердөө 5 хувь л үлдэх нь. Монголын ард түмнийг 34 жил зальдсан уул уурхайн луйврыг ил зарлаж, хэлж явахгүй бол Засгийн газрын БЭТ байгаад хэрэггүй гэж би бодож байгаа. Засгийн газрын БЭТ гэдэг бол онцгой үед томилогддог албан тушаал юм. Одоо онцгой нөхцөл байдал үүссэн байна. 

Стратегийн 16 ордын есийг нь хувийн компаниудад 2007-2015 онд шилжүүлсэн “нэг нөхөр”-ийг одоо ярина. Ховд аймгийн Халзан Бүрэгтэй ордоос Сэлэнгэ аймаг дахь Бороогийн алтны орд, Нарийнсухайтаас эхлээд Ухаахудаг хүртэл улсын төсвөөр хайгуул хийсэн бүх ордуудыг...

1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 14.3 зүйлд зааснаар, улсын төсвөөр хайгуул хийсэн оруудыг дахин хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгохыг хориглосон байдаг. Гэтэл 1997-2004 онд АМХЭГ-ын даргаар ажиллаж байсан н.Жаргалсайхан албан тушаалаа ашиглаж улсын төсвөөр хайгуул хийсэн стратегийн оруудыг хувийн компаниудад олгосон байна. Энэ нөхөр одоо “Цайрт Минералс” компаниас хувь аваад явж байгаа. Сүхбаатар аймаг стратегийн орд газар бол энэ хүнийх, наана байгаа хүмүүс бол түүний “хөл гар”. Энэ хүн улсын төсвөөр хайгуул хийсэн ордыг хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгож болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчөөд хувийн компаниудад олгочихсон байна. Одоо өөрөө стратегийн гурван ордын далд “ноёнтон”-ы үүрэг гүйцэтгэж байна. 

Хоёр сонголт байна. Хулгайч нартай хэлцэл хийх үү, “хулгайд” алдсан ордуудаа буцааж авах уу. Би УИХ, Засгийн газарт тодорхой саналууд тавина. Монголын төр “хулгайч” нартай хэлцэлд орох гэж байгаа бол хулгайг дэмжиж байна гэсэн үг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ асуудлыг удахгүй оруулна. Аль ордыг хуулийн дагуу олгосон бэ? Аль ордыг “хулгай, луйвар, авлигал”-ын замаар авсан бэ? гэдгийг ҮАБЗ, Засгийн газар, Хууль зүйн сайд дүгнэлтээ гаргаад надад өгөх ёстой. Ингэж байж БЭТ-ийн хувьд эдгээр хүмүүстэй хэлцэл хийх үгүйг шийднэ. 

Уул уурхайн салбарын ил тод байдал, хариуцлагатай уул уурхай гэдэг орчин үеийн улс орнуудын, ялангуяа Канад, Австралийн баримталдаг зарчим юм. Сүүлийн 30 жил Монгол Улсын уул уурхай авлигал, хулгайд суурилсан хаалттай системээр явж ирсэн. Үүнийг одоо өөрчлөх цаг болсон. 

АҮЭБЯ-наас стратегийн оруудын товч мэдээллийг надад өгсөн. Удахгүй ТЕГ, ГЕГ, бүх яамд, хууль хяналтын байгууллагуудаас бүх дүгнэлтийг гаргуулна. 

Ганц жишээ дурдъя. Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхай. Монголын стратегийн том ордуудын нэг. Арван жижиг хэсэгт хуваачихсан байна. Нөөцийг нь дараад бүртгүүлчихсэн. Энэ бол уул уурхайд нүүрлэсэн луйврын нэг жишээ. Удахгүй Хөшөөтийн уурхайн асуудлыг УИХ-аар оруулж стратегийн ордын жагсаалтад бүртгэж авна. 

Орд болгоны ард нэг сайд, гурван УИХ-ын гишүүн байна. Энэ завхралыг одоо зогсооно. Засгийн газрын (2025.02.19) хуралдаан дээр Ерөнхий сайд маш тодорхой чиглэл сайд нарт өгсөн.Уул уурхайн ордуудын ашгийг ард түмэнд өгөхгүй бол хувьсгал гаргана шүү гэж. 

Орхон аймаг дахь зэс, молибдений Эрдэнэтийн Овоо орд. Эрдэнэт үйлдвэрийн дэргэд үүсмэл орд ашиглаж буй гурван компани байна. Нэг үүсмэл ордыг П.Цагаан дарга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эзэмшдэг. Шуудхан хэлэхэд П.Цагаан хилийн чанад руу гараад явсан. Би БЭТ-ийн хувьд П.Цагаан даргыг Монгол Улсдаа ирж хэлэлцээр хийхийг урьж байгаа. Өөрөө ч хэлэлцээр хийхэд бэлэн буйгаа илэрхийлсэн. Тэгэхээр хэлэл

цээр удахгүй явагдана. Хэрэв Засгийн газар энэ үүсмэл ордыг П.Цагаан хулгай, авлигын замаар авсан гэж үзэх юм бол хэлэлцээр хийхгүй. Тусгай зөвшөөрлийг нь цуцлаад дараагийн компанид өгнө. “Ачит Их” дээр олборлолт, боловсруулалт хийхээр дараагийн компани хүлээж байгаа. Монголын компанийг оруулна.

Дараагийн компани “Зэс эрдэнийн хувь” нь харьцангуй эрүүл компанийн 27 хувь нь иргэдэд очсон байгаа. Энэ компанийн ард УИХ-ын 2 гишүүн байгаа. Дүүгээ захирлаар нь тавьчихсан. Би нотолгоотой зүйл дээр хүний нэр хэлнэ. Хууль бусаар авсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож болно. 

Гурав дахь нь “Эрдмин” компани бол Эрдэнэт үйлдвэрийн дэргэд овоолго боловсруулдаг үйлдвэр. 1996-1997 оны үед Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байсан хүний хүүхдүүд хамаатнууд нь. Манай улсын Ерөнхийлөгчийн найзын хүүхдүүд эзэмшиж байгаа. 

Энэ гурван орд бол албан тушаалын эрх мэдлээ ашиглаж Эрдэнэтийн овоолгыг ашиглаж байгаа хэдэн дарга нарын үйлдвэр юм. Хэрэв хууль бусаар авсан бол тусгай зөвшөөрлийг цуцал, хүчингүй болго гэдэг асуудлыг Засгийн газарт тавина. 

Дараагийн хэлэлцээрт Гашуунсухайтын орд (MSight:Тавантолгойн ордыг хэлж байгаа бололтой) орж ирнэ. Та бүхэн Гашуунсухайтын орд гэж сонссон уу. Тухайн орд газарт олборлолт явуулж байгаа 7 компани жилийн дотор нийт 2 их наяд төгрөгийн орлого олсон.  Гэтэл Монгол Улсын 3.5 сая хүний Баялгийн сангийн Хуримтлалын санд 470 тэрбум төгрөг байна. Иргэн бүрд 130 мянган төгрөг.  

1995 онд Уул уурхайн сайд Р.Жигжид сайдын тушаалаар Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордын тусгай зөвшөөрлийг Б.Нямтайшир гэж хүнд олгосон. Б.Нямтайшир энэ ордыг 2005 онд гадаадын банканд барьцаалж 500 сая ам.долларын зээл авсан. Ингэж Нарийнсухайтын уурхайн үйл ажиллагаа эхэлсэн. 

Бид бүх баримтуудыг ТЕГ, ТЕГ, АМГТГ-аас татан авч байна. 

Дээрээс нь, стратегийн ордуудад үүссэн монопол байдлыг хязгаарлахын тулд Монгол Улс хуульдаа өөрчлөлт оруулсан. Нэг стратегийн ордын 34-өөс дээш хувийг нэг этгээд буюу нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшихийг хориглосон заалттай. Гэтэл “Монголын Алт” компанийн ордууд Н.Номтойбаяр, Н.Цэнгүүн гэдэг хоёр хүний нэр дээр байдаг. Стратегийн ордууд өв залгамжлагдахгүй. Монголын ард түмний өв. Монголын ард түмэнд үеэс үед үлдэх, ирээдүй хойч үеийг баян болгох ордууд юм. Тэгээр хуулийг хэрэгжүүлэхийг “Монголын Алт” компаниас шаардана.

Дараагүй ордын тухай ярья. Тавантолгой гэж бидний мэдэх хамгийн орд байгаа. Нүүрсний 8 тэрбум тонн нөөцтэй. 1950-иад оноос судалгаа шинжилгээ хийгээд улс төсвөөр тогтоосон орд. Гэтэл “нэг гэр бүл” Тавантолгой ордын хоёр талд Ухаахудаг, Барууннаран гэж орд эзэмшээд сууж байна. Тусгай зөвшөөрөл авсан хугацааг нь харахаар 1997-2005 оны хороонд. АМХЭГ-ын даргаар н.:Жаргалсайхан ажиллаж байх үед. Ухаахудагийг жилд олборлодог хэмжээгээр орлогыг 30 жилээр тооцох юм бол 130 их наяд төгрөг болж байгаа. Бид чинь 44 их наядын хулгай яриад байгаа биз. Монголын ганцхан уурхай 130 их наяд төгрөг олж байна. Эзэмшлийнхээ асуудлыг Ж.Оджаргал шийднэ. Стратегийн ордыг ганцаараа, гэр бүлээрээ эзэмшихгүй ээ. Эзэмшиг нь хэн бэ. “Хангад Эксплорэйшн” компани, Ж.Оджаргал. Ард нь Хятадын хоёр компани, Люксенбургэд бүртгэлтэй. “Энержи Ресурс” дээр бас л Ж.Оджаргал. Танаас өөр хүн, танайхаас өөр компани Монгол Улсад бас байдаг юм шүү. Монгол Улсын хуулийг зөрчин, уландаа гишгэж Монголын ард түмнийг доромжилж байгаа бол энэ компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож Монголын дараагийн компаниудад шууд өгөх хэрэгтэй. Нүүрс ухаад Хятадад зарж чадах Монгол аавын хөвгүүд мянга мянгаараа байгаа. Хил дээр л бий. Нэг их хүнд ажил биш. 

Одоо больцгоо луйвар, булхайгаа. 34 жилийн энэ завхралыг бид эвийн аргаар, хуулийн аргаар шийдье гэсэн саналыг би БЭТ-ийн хувьд тавьж байна.  

Дараагийн том луйвар уул уурхайд байгаа. Лабораторийн хулгай. Монголоос гарч байгаа уул уурхайн баялгийг лабораторийн аргаар хулгайлж байна. Хил гаалийн хулгай. Лабораторийн дүн шинжилгээгээ компаниуд өөрсдөө хийдэг. Лабораториор зэсийн орцыг нь багасгаад биччихдэг. Нүүрсний чанарыг муу гэж бичээд хямд гаргачихдаг. Энэ талаар тагнуулын мэдээлэл бидэнд ирж байгаа. 

Оюутолгой ордыг ярихгүй бол болохгүй. Монгол Улс Оюутолгойн 34 хувийг авсан, одоо 6 тэрбум ам.долларын өрөнд орчхоод байна.  

Алтан дээр суусан гуйлгачих болчхоод байна. Монголын ард түмэн цагаан сараа тэмдэглэж чадахгүй өлмөн зэлмэн явж байна. 

Гэтэл Оюутолгойн гэрээг байгуулсан нөхдүүд өнөөдөр үгээ хэлэхгүй нуугдаж байгаа. Оюутолгойн валютыг Монголбанкаар дамжуулж болохгүй шүү, гадаадын банкаар явуулаарай гэдэг гэрээ байгуулчихсан. Хэдэн төгрөг Оюутолгойгоос гарч байгааг Монголын төр хянаж чадахгүй болчихсон. Ордуудад хувь эзэмшдэг, маргааш нь гадны банканд барьцаанд тавиад зээл авчихдаг. Монгол Улс 34 хувийнхаа зээлийн 6 тэрбумын өрөнд уначхаад байна. Одоо Оюутолгойн нөөц 2040 он гэхэд бараг дуусах гэж байна. Энэ завхралыг зогсоохгүй бол Монголын ард түмэн босохоос өөр арга байхгүй. Энэ асуудлаар өчигдөр (2025.02.19)  Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд үүрэг өгсөн. Засгийн газрын зарим гишүүд бол гар, хуруугаа хөдөлгөж чадахгүй аймхай хулчгарууд байгаа. УИХ-д ч гэсэн хулчгар, ашиг сонирхлын зөрчилтэй олон гишүүн байгааг бид харж байна. 

Засгийн газрын БЭТ-ийн хувьд уул уурхайн бузар булайг илчилж энэ бүх асуудлыг шийдэхийн тулд саналаа холбогдох байгууллагууд руу хүргүүлнэ. Хууль хяналтын байгууллага руу хүргүүлнэ. Өнөөдөр АТГ-т шалгуулахаар явуулж байна. Халзан бүрэгтэй ордыг “сахал” Эрдэнэбилэгт өгсөн. Улсын төсвийн хөрөнгөөр стратегийн бүх ордын хайгуулыг хийсэн. Ганцхан Оюутолгой хувийн мөнгөөрөө хайгуулаа хийсэн. 

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж чадсан. Тэр өөрчлөлтийг оруулж чадсаныхаа төлөө Батзандан гудамж руу хөөгдөж гарсан. Одоо ч хэвлэл мэдээллээр хамгийн муу хүн болж доромжлуулж байгаа. Гэхдээ Батзандан амьд байгаа. Ард түмнийхээ талд, баялагтаа эзэн болох тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор хэлье. 

Хүнийг дүгнэе гэвэл хийсэн ажлаар нь дүгнэж бай. Эрдэнэтийн 49 хувийг хулгайлахад, хулгайчдын бүлэглэлтэй хэн тэмцэж эргүүлэн авч ирж байсан бэ? Тавантолгой хулгайд алдагдахад ямар хүмүүс тэмцэж Тавантолгойг Монголын ард түмэнд нь эргүүлэн авч ирж байсан бэ? Оюутолгой хулгайд алдагдаж байхад Сүхбаатарын талбай дээр хэн хэн жагсаж байсан бэ? Оффшорын хуулийг хэн санаачилж батлуулж байсан бэ? Хулгайлсан мөнгөө оффшор руу гаргадаг байхад тэрийг хэн зогсоосон бэ? Батзандан юм аа. Хууль санаачлагч нь Батзандан юм аа. Ажлын хэсгийн ахлагч нь Батзандан юм аа. 

Засгийн газрын БЭТ гэдэг онцгой нөхцөл байдал үүссэн үед богино хугацаанд томилогддог албан тушаал. Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөр хоёр надтай уулзсан. Уул уурхайн салбарын хулгай луйврыг ил болгож хариуцлагатай ил тод уул уурхайн бодлогын төлөө явъя. Хоёрдугаарт, Баялгийн сангаа баян болгоё. Баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрч байгаа мөнгөн хөрөнгийг стратегийн ордуудаасаа орлогоос нь 34, заримаас нь 50 хүртэлх хувийг авч богино хугацаанд ард түмнийхээ хөрөнгийг арвижуулъя гэдэг үүрэг даалгавар өгсөн. Энийг хийж чадах хүн бол та гэсэн. Та чадах уу гэсэн. Би чадна гэсэн. 

Хувийн менежментийн цааш нь үргэлжлүүлнэ. Ж.Оджаргалаас илүү менежмент хийж чадах хүн Монголд байгаа гэж би итгэж байгаа. Б.Нямтайшираас илүү менежмент хийж чадах хүн Монголд олон мянгаараа бий.  

Энэ компаниуд менежментээ шударгаар хийхгүй бол, ард түмэндээ хувиа өгөхгүй бол, Баялгийн сандаа хуульд заасан 34, 50 хувиа оруулахгүй гэж байгаа бол дараагийн монгол компанийг нь оруулаад явна. Энэ баялаг ордууд бол Монголын ард түмний өмч. Монгол төрийн өмч. Өмчлөгчийн эрхийг зөвхөн УИХ хэрэгжүүлнэ гэсэн заалттай. 

БЭТ-ид өгсөн удирдамж байгаа. Компаниудтай тохиролцоод, хэлцэлд ороод нэг бол 50 хүртэлх хувийг ав, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бол 34 хүртэлх хувийг ав, өр ширтэй компаниуд байвал эзний татвар гэж байдаг. Түүгээр төрийн эзэмшлийн хувийг орлуулаад явж болно. Маш тодорхой удирдамж өгөгдсөн. Эцсийн дүндээ энэ гэрээнүүд УИХ-аар батлагдана. Энэ уул уурхайн компаниудад ашиг сонирхлын зөрчилтэй, нэгдмэл ашиг сонирхолтой нөхдүүдийг УИХ-ын чуулганд оруулахгүй байх ёстой. 

Засгийн газар дээр хэлцэл хийх Ажлын хэсэг байгуулагдсан. Хэлцлээс зугтаж байгаа хэсэг бүлэг нөхдүүд байгаа. Тав зургаан компани хэлцэл хийхээр саналаа ирүүлсэн байна. Хэлцлээс зугтах гэж оролдож байгаа нөхдөд Засгийн газрын БЭТ-ийн хувиар хэлье. Таван сарын 1-ний дотор саналуудаа ирүүлэхгүй бол, Монголын ард түмэнд ногдох хувиа өгөхгүй бол холбогдох байгууллага руу бичиг явуулна. Монголын ард түмэн босно. Би уриалаад жагсаал хийнэ. 

Мянга мянган ард түмэн Энержи Ресурс, Гашуунсухайт, Нарийнсухайт, Хөшөөт рүү очно. Хэлцлээ хий, хариуцлагатайгаар өгөх юм аа өг. Ордонд байгаа олон дарга нар энэ компаниудын лоббинд орсон байгаа. Тэдэнтэй ард түмэнтэйгээ нийлж тэмцэнэ" гэв.