Өнөөдөр (2025.02.26) Британийн Парламентын гишүүн, Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст Монголын Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханыг Лондон хотод угтан авч уулзсан байна. Монгол, Британийн Дугуй ширээний 15 дахь дугуй ширээний уулзалт болон Монгол, Британийн хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалын хүрээн дэх хоёр улсын анхны улс төрийн яриа хэлэлцээрийг зохион байгуулжээ.
Тус яриа хэлэлцээрт нэн чухал эрдэс баялгийн чиглэлээр ярилцсан байна. Сайд нар Монгол Улсын эрдэс баялгийг байгалийн өвөрмөц тогтоц, өвийг хөндөхгүйгээр олборлох нь чухал гэдэгтэй санал нэгдсэн аж. Мөн хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгмийн хариуцлага болон засаглалын өндөр стандартыг нэвтрүүлэх, Монгол хүний ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахын ач холбогдлын талаар ярилцжээ.
Энэ чиглэлээр нэн чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийлсэн гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.