Бодлогын хүүг 12 хувьд хүргэнэ

Өнөөдөр (2025.03.07) Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.  

Хурлаас бодлогын хүүг хоёр нэгжээр нэмж, 12 хувь болгосон байна. Мөн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээлийн зохицуулалт хийхээр болжээ. Энэхүү шийдвэрт дараах хүчин зүйл нөлөөлсөн байна. 

АНУ-аас хэрэгжүүлж буй бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн зах зээлд сөргөөр нөлөө үзүүлэхээр байна. 

БНХАУ-ын үл хөдлөхийн зах зээлийн уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн буурах шалтгаан болж байна. 

Инфляц сүүлийн саруудад нэмэгдэж нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатарт 9.7 хувьтай гарсан. Үүнд цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө, цалин, орлогын өсөлтийг дагаж үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь нөлөөлсөн байна. 

Нийтийн тээврийн үнэ хоёрдугаар сард өсөж, эрэлтийн, заралтын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэн. 

Улмаар инфляц энэ оны туршид Төв банкны зорилтоос давж ирэх оны хоёрдугаар сард зорилтод интерваль руу орж тогтворжино. 

Инфляц Төв банкны зорилтоос давсан ч хүлээлтээр дамжин үнийн өсөлт эрчимжих хоёр дахь үеийн нөлөөг бууруулахын тулд бодлогын тохиргоог хийх зайлшгүй шаардлага гарсан. Цаашид хэрэгжих томоохон төслийн бүтээн байгуулалтуудыг гадаадын эх үүсвэрээс санхүүжилтээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Дотоодоос санхүүжүүлэх орон зайгүй байна. 

Урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай буюу хүлээлтээс бага зэрэг доогуур байсан. Эдийн засгийн өсөлт ингэж удаашрахад алт, газрын тосны олборлолт багассан, малын зүй бус хорогдол нэмэгдсэн, боловсруулах үйлдвэрийн салбар саарсан. Өсөлтийн хурд ингэж саарсан ч 2025 оны эдийн засгийн өсөлтийг 7-8 хувьд хэвээр хадгалагдана гэж Монголбанк үзэж байна. Оюутолгойн нөлөөгөөр уул уурхайн салбар идэвхжих, зудын хүндрэлээс сэргэх, шинэ төслийн бүтээн байгуулалт эхэлж барилга, худалдаа тээврийн салбар өсөлтийг дэмжихээр байгаа аж. 

Цаашлаад төслийн бүтээн байгуулалт 2025-2027 оны туршид үргэлжлэх тул төслийн хэрэгжилтийн явц, гадаад эрэлт зэрэг нь дунд хугацааны өсөлтөд нөлөөлнө гэж Монголбанк үзжээ.