Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2025.03.19) танилцууллаа. Тэрээр хэлэхдээ "Булган, Шивээхүрэн, Гашуунсухайт, Хангийн боомтуудад 9.5 сая тонн нүүрсний овоолго үүссэн. Ковидын үед 20 сая тонн нүүрс цаашаа ч үгүй, наашаа ч үгүй гацчихсан байсан. Ковидын түвшинд хүрээгүй байна. Тэгэхээр энэ юунаас болж үүсэв, энийг яаж хөдөлгөх вэ, энийг хөдөлгөхөөс нааш бирж дээр арилжаа явах шинжгүй байна. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн хугацаанд хийгдсэн, он гарснаас хойш хийгдсэн гээд 50-иад гэрээ байна. Үүнийг хил хүртэлх хүргэж өгөх гэрээ гэж ойлгох хэрэгтэй.
Түүнээс Хятадын эрэлт буурчихсанаас шалтгаалсан зүйл биш. Хятад 4 тэрбум гаруй тонн хэрэглээтэй. Гэтэл бид 100 сая тонн хүрэхгүй байгаа. Энэ жил 85 сая тонн гаргая гэж байна. Хятад буурлаа гэхэд 5 хувь дотор ярина уу гэхээс 30, 40 хувийн эрэлт буурна гэсэн ойлголт байхгүй. Гэтэл манайд татан авалт нь, биржийн арилжаа 5 дахин буурчихсан. Хил дээр бол 40-50 хувиар зогсчихсон байна. Үнэ буурснаас болоод аж ахуйн нэгжүүд татан авалт хийхгүй ийм шалтгаантай байна.
Үүнийг зохицуулах хэд хэдэн гарц байна. Үнийн хэлбэлзлийг аль аль талдаа уян хатан байх зохицуулалтыг одоо байгаа хуулийн хүрээнд бирж дээр зохицуулалт хийх журмыг богино хугацаанд баталлаа. Өмнө нь явж ирсэн журмыг нүүрс худалдан авагч нартай санал солилцсон. Журмыг өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд хэлэлцэж, яаралтай хуралдлаа. Дараа нь Монголын хөрөнгийн биржийн ТУЗ, Санхүүгийн зохицуулах хороо хуралдаж, баталж өглөө. Биржийн арилжааг сэргээхийн тулд худалдан авагч талууд татан авалтаа хийх шаардлага гарсан. Ингээд ар араасаа хөдөлнө. Биржийн хуульдаа биржийн арилжааг идэвхжүүлэх тал руу нь өөрчлөлт хийнэ. Түүнээс ил тод болгосон биржийн зарчмаас ухрахгүй. Биржээр арилжсан бол түлхүү хөнгөлөлт, урамшуулал авдаг. Төрийн өмчит компаниуд биржээр явдаг зарчим хэвээр явна." гэв.