Нүүрснээс бусад гол түүхий эдийн эрэлт огцом өснө

С.БОЛД-ЭРДЭНЭ

Эрдэс түүхий эдийн эрэлт ирэх 10 жилд ихээхэн нэмэгдэхээр байгаа бол нийлүүлэлт нь хомсдолоос төдийлөн холдохгүй байх төлөвтэй. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд эрдсийн үнэ зайлшгүй өсөх шаардлагатай байгаа гэдгийг судлаачид онцолж байна. Нөгөөтэйгүүр нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, эрэлтийг хангахын тулд шинээр ордууд хайх, нээх, хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Үүнийг ганцхан бизнесийн өнцгөөс харалгүйгээр Засгийн газрууд бодлогын хэмжээнд зайлшгүй авч үзэх, мөн эрдсийн олборлолтыг тухайн улс оронд болон хөрөнгө оруулагчдад үр ашигтай байдлаар олборлож, үйлдвэрлэх зорилт нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэх болно хэмээн үзэж байна.

Ирэх 10 жилд аж үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай голлох түүхий эдүүдийн эрэлт багадаа 30 хувиар өсөхөөр байгааг McKinsey & Company онцолж байна. Future Minerals Forum-ын үндсэн хамтрагчдын нэг тус компани ирээдүйд шаардлагатай түүхий эдийн судалгааг танилцуулсан юм. Тус компанийн Хамтрагч Карел Элүүт ирээдүйн эрэлтийг хангахад компаниуд хооронд нягт хамтран ажиллахаас гадна улс хоорондын уялдаа бүхий бодлогын хамтын ажиллагаа чухал гэдгийг тодотгож байсан юм. 2000 оноос хойш 20 гаруй жилд хүн төрөлхтний хэрэглэсэн олон төрлийн материалын эрэлт жил бүр 6 хувиар өсөж ирсэн байна. Аж үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд буюу ган үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээнд багтдаг нүүрс, төмрийн хүдэр, никель зэрэг түүхий эдүүдийн эрэлт гол өсөлтийг бүрдүүлсэн байдаг. Энэ хугацаанд батарейн орц болсон түүхий эдүүд маш бага хувийг эзэлж байв. Харин ирэх 10, 20 жилд дээрх байдал өөрчлөгдөнө. Ирэх жилүүдэд түүхий эдийн эрэлт, хэрэглээ өсөж байгаагийн үндсэн гурван шалтгаан нь дэлхийн хүн амын өсөлт, хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилт, геополитикийн ярвигтай байдал хэмээн МакКензи үзэж байна. 

Дэлхийн хүн ам 2040 он гэхэд 10 хувиар өсөж 9 тэрбум давна. Тэр дундаа дундаж давхаргын хүн ам 2020 онтой харьцуулахад 30-40 хувиар өсөж, ойролцоогоор 5 тэрбумд хүрэхээр байна. Энэ бол бүхий л бараа материалын эрэлтийг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан юм. Хоёрдугаарт, хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилт шинэ түүхий эдүүдийн эрэлтийг огцом нэмэх нь тодорхой болсон. Уг зорилтын хүрээнд хуучин эрчим хүчний загварыг өөрчилж, сэргээгдэх эрчим хүч суурьтай загварт шилжиж байгаа. Шинэ загвар нь уламжлалт эрчим хүчний загвараас 6 дахин их материал хэрэглэнэ гэнэ. Тэр дунд уламжлалт металлууд буюу ган үйлдвэрлэл ч багтана. Гуравдугаарт, геополитикийн ярвигтай байдал нь худалдааны хэв маягийг өөрчилж, тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна. Үүнээс үүдэлтэй ирээдүйн түүхий эдийн ханган нийлүүлэлтийн шинэ сүлжээ бий болох гэх мэт өөрчлөлтүүд явагдаад эхэлсэн. Ирэх 10 жилд буюу 2035 он гэхэд гол түүхий эдүүдийн эрэлт хэрхэн өсөх вэ гэдэг төсөөллөө чуулганд оролцогчидтой МакКензи хуваалцсан. Тус компанийн зүгээс 2020 оны эхэнд хийсэн гол эрдсүүдийн үйлдвэрлэл 2023 онд хэд болох талаарх таамаг нь бараг “байндаа туссан” гэдгийг онцолж байв. 2020 оны таамгаар 2023 онд никелийн үйлдвэрлэл 2 сая 950 мянган тонн болно гэж тооцоолж байсан бол бодит гүйцэтгэлээр 3 сая 480 мянган тонн болж 18 хувиар өсжээ. Литийн үйлдвэрлэл 940 мянган тонн болно гэж тооцоолоход нэг сая 100 мянган тонн болж тооцоолсноос 18 хувиар давсан байна. Харин зэсийн хувьд 22 сая 880 мянган тонн болно гэж тооцоолсон ч 22 сая 110 мянган тонн болж хүрээгүй байна. Никель, литийн үйлдвэрлэл таамгаас илүү өсөхөд шинэ төслүүдийн хурдацтай хөгжүүлэлт болон урьд нь мэдэгдэж байгаагүй шинэ ордуудын үйлдвэрлэл гол нөлөөг үзүүлсэн байна. Үүнд төсөөлөмгүй хурдтай ажилласан Хятад улсын нөлөөг онцолж байсан юм. Тэд маш том нөлөөг богино хугацаанд үзүүлж чадсан байна. Харин зэсийн үйлдвэрлэл таамагт хүрч чадаагүй нь гайхах зүйл биш хэмээн ноён Карел Элүүт тодотгосон. Хайлуулах өртөг, хүдрийн агуулгын бууралт гээд тодорхой хүчин зүйлүүд нөлөөлсөн. Хамгийн том нөлөө нь төлөвлөгдсөн төслүүд хэрэгжиж чадаагүйтэй холбоотой аж.

Харин 2035 он гэхэд эрчим хүчний шилжилтэд шаардлагатай гол түүхий эдүүдийн эрэлт багадаа 30 хувь хүртэл өсөхөөр дүр зурагтай байгааг МакКензи онцолж байна. Хамгийн том өөрчлөлт мэдээж литийн зах зээл байх болно. 2012 онд 150 мянган тонн байсан эрэлт 2023 онд 810 мянган тонн болж 660 хувиар өссөн бол 2035 онд 4 сая 650 мянга болж дахин 475 хувиар өсөхөөр байна. Үүний дараа газрын ховор элементийн эрэлт 126 хувиар өсөх бол никелийн эрэлт 60 хувиар өсөхөөр байна. Монгол Улсын хувьд хамгийн чухал эрдэс болсон зэсийн эрэлт 9 сая тонноор өсөхөөр байна. Мөн гангийн эрэлт 2 тэрбум 10 сая тонн болж 2023 онтой харьцуулахад 190 сая тонноор өсөх төлөвтэй. 2024 онд дэлхийн гангийн үйлдвэрлэл нэг тэрбум 834 сая тонн байсан гэвэл ирэх 10 жилд гангийн үйлдвэрлэл буурах биш өсөх шинжтэй байна гэсэн үг юм. Харин дэлхийн эрчим хүчний нүүрсний эрэлт ирэх 10 жилд 40 хувиар буурч 4 тэрбум 480 сая тонн болж магадгүй гэнэ. Мэдээж сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, батарейн үйлдвэрлэлийн өсөлттэй урвуу хамааралтай байх нь ойлгомжтой. Хугацаа өнгөрөх тусам эрчим хүчний нүүрсний эрэлт буурч таарна. Өнгөрсөн жилийн байдлаар Европт хоёр улс л нүүрсний хэрэглээгээ дотоодын уурхайгаасаа хангаж байгаа аж. Гол түүхий эдүүдийн эрэлт ингэж өсөж байгаа бол түүнийг хангах нийлүүлэлт ямар байх вэ гэдэг нь хамгийн чухал. МакКензи компани 2024 оны суурь нөхцөлд тулгуурлан 2035 онд эрэлт нийлүүлэлтийн баланс ямар байхыг тооцоолсон байна. Өнөөдрийн байдлаар урьдчилсан ТЭЗҮ бүхий төслүүдийг оролцуулаад 2035 оны нийлүүлэлтийг тооцоолжээ. Уг тооцоогоор 2023 онд байсан эрэлт-нийлүүлэлтийн балансын зөрүү 2035 он гэхэд нэлээд багасах төлөвтэй байна. Никель болон кобалтын эрэлт нийлүүлэлтэд зөрүү үүсээгүй, цаашид ч үүсэхгүй гэж үзэж байгаа аж. Мөн 20 хүртэлх хувийн нийлүүлэлтийн хомсдолтой байсан цайр, зэс, литийн хомсдол бараг арилна гэж үзжээ. 

Ураны нийлүүлэлтийн хомсдол буурч 10 хувиас доош орох бол газрын ховор элемент, хүхэр, иридиумын нийлүүлэлтийн хомсдол буурахгүй буюу 20-50 хувь хүртэл байхаар байна. 

Дээрх тооцоолол бол өнөөдрийн нөхцөл байдал дараагийн 10 жилд үргэлжилнэ гэдэг дээр суурилсан тооцоолол юм. Гэхдээ ямар ч бараа бүтээгдэхүүний зах зээлд эрэлт нийлүүлэлтийн зөрүү байхаар байна гэж үзвэл хөрөнгө оруулагчид, компаниуд тухайн түүхий эдийн зах зээлд орж ирдэг нь хууль. Тод жишээ нь литийн зах зээл юм.

Эрэлт-нийлүүлэлтийн балансыг хадгалахад хамгийн чухал хүчин зүйл бол үнэ гэнэ. Түүхий эдийн үнэ өсөж байж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой болно. Өнөөгийн үнэ бол хөрөнгө оруулагчдыг хангалттай татах хэмжээнд биш байна гэж хэлж болно. Дотоод өгөөжийн түвшин /IRR/ нь 15 хувь байна гэж тооцоход 2035 он гэхэд зэсийн үнэ багадаа 12 мянган ам.доллар болж байж 10 сая тонн зэс нийлүүлэгдэх боломжтой болж байгаа аж. Бүр одоогийн зэсийн төслүүдийн 80 хувь нь заавал ашиглалтад орж, нийлүүлэлт хийх боллоо гэхэд зэсийн үнэ 15 мянган ам.доллар болох шаардлагатай болно. Үгүй бол зэсийн уурхай нээж, үйлдвэрлэл эрхлэх нь ашигтай бизнес болж чадахгүй гэхэд болохоор байна. Гэсэн ч нийлүүлэлтийг зөвхөн зах зээлд, хөрөнгө оруулагчдын сонирхолд найдаад орхиж болохгүй. Хэрвээ ирээдүйн тухай бодож байгаа бол хайгуулыг эрчимжүүлж, үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлэх, усны нөөц, эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлж, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох замаар эрсдэлийг багасгах, тодорхойгүй байдлыг бууруулахаар ажиллах хэрэгтэй. Мөн хурдаа нэмэх хэрэгтэй хэмээн МакКензигийн Хамтрагч Карел Элүүт онцолж байна. Ялангуяа эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхийг зорьж байгаа, шинэ ханган нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэж, улс орныхоо хөгжлийг төлөвлөж буй улс орнуудын хувьд хийх ажил мундахгүй их байгааг Элүүт төдийгүй бусад судлаачид ч дуу нэгтэй хэлж байсан юм. Тэр дундаа геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа үед тухайн улс орны төрийн тогтвортой бодлогоор хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Бодлого нь өөрөө энгийн байх нь илүү үр дүнтэй. Мөн олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн бизнесийн өнцгөөр харалгүй, нийгмийн, байгаль орчны, дэд бүтцийн асуудлуудыг давхар тооцоолох хэрэгтэй гэдгийг ч сануулж байв. 

Төслүүд хоорондоо оновчтой байдлаар хорших, бүр улс орнууд хамтран ажиллаж байж хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх болно. Хөрөнгө оруулагчдад, ханган нийлүүлэгчдэд хэрхэн үр ашиг өгөх вэ гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл гинжин хэлхээний оролцогч бүрд үр ашигтай байлгах бодлого хэрэгтэй байгаа гэдгийг хурлын хэлэлцүүлэгт оролцогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байсан юм.

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар, 2025, №01 (038)