Сайд нар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтуудын нөхцөл байдалтай танилцлаа

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Ханги, Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.  

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар тэргүүлж байгаа юм.  Нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг яаралтай шийдвэрлэхэд Ажлын хэсэг төвлөрч байна. 

Гашуунсухайтын боомтоор Монгол Улсын нүүрсний экспортын 55 хувь, зэсийн баяжмалын экспортын 60 хувь нь гардаг. Тус боомтоор өдөрт нүүрс тээврийн 1000 гаруй автомашин хил давж байна. Гашуунсухайт боомтын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа хэдий ч нүүрсний зах зээлийн үнийн уналтаас үүдэн хилийн татан авалт буураад буй. 

Шивээхүрэнгийн боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай найман аж ахуйн нэгж нүүрс экспортолдог. Компаниуд нүүрсний олборлолтын өртгөө бууруулах, экспортын бодит хэмжээгээ нэмэгдүүлэх зорилт тавьсан бөгөөд энэ онд 25-26 сая тоннд хүргэхээр төлөвлөж, шийдвэрлүүлэх асуудлуудаа нэгтгэн Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Өнгөрсөн онд тус боомтоор 24 сая тонн нүүрс экспортолжээ. Сүүлийн өдрүүдэд хил, гаалийн дотоод сүлжээний доголдлоос үүдэн нүүрсний тээврийн нэвтрэлт Шивээхүрэнгийн боомтод удааширсан байна. 

Монгол Улсын экспорт, импортын хамгийн том боомтуудын дунд Ханги боомт байршдаг чухал гарцуудын нэг. Тус боомтын хүчин чадлыг өргөтгөх замаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ. Мөн хоёр улсын хил төмөр замаар холбогдсоноор Замын-Үүд, Гашуунсухайтын боомтын ачааллыг хуваалцах төдийгүй хүлээгдэж буй уул уурхайн төслүүдийн үйлдвэрлэл эхлэхэд Ханги боомт экспортын гол гарц болох юм.