Rio Tinto групп нь Австралийн хамгийн эрчим хүч их зарцуулдаг үйлдвэрлэлийн нэг Квинсландын Гладстоун дахь хөнгөн цагаан хайлуулах, боловсруулах үйлдвэрээ сэргээгдэх эрчим хүчээр хангах 20 жилийн хугацаатай гэрээг Edify Energy компанитай байгуулсан.
Сэргээгдэх эрчим хүчээр хүнд үйлдвэрийг дэмжиж чадах эсэх талаар олон жилийн маргааныг энэ гэрээ эцэслэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Гэрээний дагуу Edify Energy компани 2025 оны сүүлээр бүтээн байгуулалтыг эхлүүлж, 2028 онд дуусгахаар төлөвлөсөн бөгөөд төслүүдийг барьж, эзэмшиж, ажиллуулна. Улмаар Квинсланд мужийн төв хэсэгт байгуулагдах 600 МВт нарны эрчим хүч, 2400 МВт батарейны систем бүхий “Smoky Creek” болон “Guthrie's Gap” станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүч, батарейны багтаамжийн 90 хувийг 20 жилийн хугацаатай худалдан авах юм.
Гэрээний сэргээгдэх эрчим хүч нь хайлуулах үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 80 хувийг хангах бөгөөд үйлдвэрлэлийн шууд ялгаруулалтыг 70 хувиар бууруулах, энэ нь жилд 5.6 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэнэ гэж Rio Tinto мэдэгджээ.
Энэ хамтын ажиллагаа нь дэлхийн томоохон уул уурхайн компаниуд сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж байгааг, мөн нүүрстөрөгчгүйжүүлсэн хөнгөн цагаан, төмөр болон бусад металлын дэлхийн эрэлт нэмэгдэж байгааг харуулж байна гэж судлаачид тайлбарлаж байна.