Европын Холбоо эрчим хүчний шилжилт, аюулгүй байдалд чухал гэж үзсэн 17 төрлийн ашигт малтмалаас 14-ийг дотооддоо олборлох, боловсруулах, дахин боловсруулах стратегийн төслүүдийн эхний жагсаалтыг нийтэлжээ.
Эхний жагсаалтад сонгосон 47 төсөл нь Европын Холбооны жилийн хэрэглээний 10 хувийг олборлож, 40 хувийг боловсруулж, 25 хувийг дахин боловсруулна гэж тооцоолжээ. Энэ нь 2030 он хүртэлх Чухал түүхий эдийн тухай хуулийг (CRMA) хэрэгжүүлэх чухал алхам гэж тодорхойлж байна.
Европын Холбооны Аж үйлдвэрийн стратегийн асуудал хариуцсан дэд Ерөнхийлөгч Стефан Сежурне “Яг одоогоор Европ хамгийн их хэрэгцээтэй түүхий эдээр гуравдагч орноос хамааралтай байна. Бид өөрсдөө үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, гадаад нийлүүлэлтийг төрөлжүүлж, нөөц бүрдүүлэх ёстой” хэмээн мэдэгджээ.
Сонгогдсон төслүүд нь Европын Холбооны гишүүн Бельги, Франц, Итали, Герман, Испани, Эстони, Чех, Грек, Швед, Финланд, Португал, Польш, Румын зэрэг 13 улсыг хамарч байна. Хөнгөн цагаан, бор, зэс, кобальт, бал чулуу, лити, никель, газрын ховор элемент гэсэн гол металл, ашигт малтмалд анхаарлаа хандуулж байгаа аж.
Жагсаалтын нийт 47 төслөөс 22 нь лити, бал чулууны 11, кобальтын 10 төсөл багтжээ. Португалийн литийн Barroso уурхай, Румыний алт-зэсийн Rovina төслүүд удаан хугацаанд байгаль орчны болон иргэний нийгмийн бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Стратегийн гэсэн тодотголтой өөр нэг төсөл болох Финланд дахь Anglo American компанийн зэсийн Sakatti уурхайгаас 2030 оноос жилд 100 мянган тонн зэс олборлохоор төлөвлөжээ.
Европын Комисс стратегийн нэмэлт төслүүдэд шинээр өргөдөл авч, түүхий эдийн салбарт хөрөнгө оруулалт хийх, хөгжүүлэх нэмэлт боломжуудыг бий болгохоор төлөвлөж байна.