УИХ-аар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг соёрхон баталлаа

УИХ-ын чуулганаар "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай" хуулийн төслийг чуулганд оролцсон 110 гишүүнээс 98 нь (2025.03.27) дэмжлээ. 

Хуулийн төслийг хэлэлцэх явцад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэМонгол Улс, БНХАУ-тай 1955 онд хилийн боомтыг төмөр замаар холбох анхны гэрээг хийж байсан. Энэ нь Замын-Үүд-Эрээний боомт. Тэгвэл  хоёр дахь боомтыг төмөр замаар холбох хоёр улсын Засгийн газар хооронд албан ёсны хэлэлцээрийг 70 жилийн дараа өнөөдөр бид УИХ-аар батлах гэж байна. Энэ бол манай улсын экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмод юм.  Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороотой гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол бол энэ болж байгаа. 

Энэхүү хэлэлцээрийн үеэр Хятадын Хөгжил шинэтгэлийн хороон дээр боомтуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлсэн тухай протоколд үйлдсэн. Тус протоколын дагуу Гашуунсухайт-Ганцмод өнөөдөр батлагдсанаар гурав дахь буюу Шивээхүрэн боомт дээр хамтын ажиллагаа эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байна гэсэн үг. Шивээхүрэн бол экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлэх боомт. Шивээхүрэн боомт Арцсуурийн боомттой төмөр замаар холбогдох юм бол баруун босоо тэнхлэг болно. Шивээхүрэн боомтын дараа Бичигт яригдана. Бичигт боомт нь мөн манай улсын экспортыг 10 сая тонноор нэмэх боломжтой. Тухайн боомтыг төмөр замаар Хятадын Эрээнцавын боомттой холбочихвол энэ нь зүүн зүүн босоо коридор болно. Үүний дараа тав дахь боомт бол Ханги. Ингээд бусад боомтуудыг бид нар ээлж дараалан ярих боломж нээлттэй байгаа. 

Тиймээс бидний хувьд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар баталснаар Шивээхүрэн боомт дээр албан ёсны хэлэлцээр хийх боломж нээгдэж байгаа юм. Дараагаар нь Бичигт, Ханги болон бусад боомтуудынхаа боломжит хувилбар буюу ТЭЗҮ дээр яаралтай ажиллах боломж бүрдэж буй гэдгээрээ өнөөдрийн хэлэлцээр чухал ач холбогдолтой. 1955 оноос хойш 70 жилийн дараа албан ёсоор батлагдаж байгаа түүхэн үйл явдал юм." гэсэн хариултыг өгсөн юм.