Зэсийн орлого өсөж, нүүрснийх буурав

С.БОЛД-ЭРДЭНЭ

2024 онд Монгол Улсын нийт экспорт 17.8 тэрбум ам.доллар болж, 3.9 хувиар өссөнөөр түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Үүний 14.7 тэрбум ам.доллар нь ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт байна. Түүхий эдийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан ч зэс, алтны үнэ өндөр, төмрийн хүдэр, газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байсан нь эрдсийн экспорт өсөхөд чухал нөлөө үзүүлжээ. Зэс, алт, төмрийн хүдэр, жоншны экспортын орлого өссөн бол нүүрс, газрын тос, цайр, молибденийн экспортын орлого буурсан байна. Хэдий нүүрсний орлого 200 сая ам.доллароор буурсан ч зэс, алт, төмрийн хүдрийн орлого нийлээд нэг тэрбум ам.доллароор өссөнөөр экспортын өсөлтийг хадгалж чаджээ.

Экспортын өсөлтөд хамгийн том нөлөө үзүүлсэн түүхий эд бол зэсийн баяжмал. Зэсийн үнэ 2024 оны эхэнд 8,360 ам.доллар байсан бол оны төгсгөлд 8,690 ам.доллар болж 4 орчим хувиар өссөн. Гэхдээ энэ жилийн хугацаанд түүхэн дээд цэгээ шинэчлэн тогтоож, 10,600 ам.доллар болтлоо өссөн юм. Ялангуяа оны сүүлийн хагаст үнэ 9,000 ам.доллароос бараг буугаагүй нь Монголын зэсийн экспортод эергээр нөлөөлсөн гэхэд болно. Үнийн таатай байдлыг Монголын зэсийн баяжмал экспортлогчид ашиглаж чадсан гэхэд болно. “Оюутолгой” компани өнгөрсөн жил 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортолсон бол “Эрдэнэт үйлдвэр” ойролцоогоор 690 мянган тонн баяжмал экспортолжээ. “Оюутолгой”-н экспортолсон баяжмал 227.7 мянган тонн цэвэр зэс, 6.5 тонн алт, 41.1 тонн мөнгө агуулсан байна. “Оюутолгой”-н гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнтэй холбоотойгоор зэсийн баяжмалын экспорт ч өссөн байна. Зэсийн баяжмалын экспортын орлого 26 хувь буюу 700 орчим сая ам.доллароор өссөн нь нийт экспортыг 600 сая ам.доллароор өсөхөд шууд нөлөө үзүүлжээ. Хэрэв зэсийн баяжмалын экспорт, зэсийн үнэ өсөөгүй бол нийт экспорт буурахаар байсан гэсэн үг юм.

Харин нийт экспортын орлогын 55 хувийг дангаараа бүрдүүлсэн нүүрсний орлого 200 сая ам.доллароор буурсан байна. Өнгөрсөн онд 83.8 сая тонн нүүрс экспортолсноор Монгол Улс түүхэндээ хамгийн их нүүрс экспортолсон жил болсон. 2023 онтой харьцуулахад биет хэмжээ 20 хувиар өссөн байна. Гэсэн ч зах зээл дээр үнэ унаснаар орлогын хэмжээ буурчээ. 2023 онд нүүрсний экспортын дундаж үнэ 128 ам.доллар байсан бол 2024 онд 104 ам.доллар болж, 20 орчим хувиар унав. Нүүрсний гол экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компани экспортын хэмжээгээ хадгалж, 30 сая тонн нүүрс экспортолсон байна. Тус компанийн орлого 3 тэрбум ам.долларт хүрснээр нийт экспортын 18 орчим хувийг дангаараа бүрдүүлж, 2023 оны түвшингээ хадгалж чадсан байна. Алтны үнэ 2024 онд 2,000 ам.доллароос 2680 ам.доллар болж 34 хувиар өссөн. Экспортолсон алтны биет хэмжээ үл ялиг буурсан ч орлого 161.3 сая ам.доллароор нэмэгдэж, 900 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн онд экспортын өсөлтөөрөө тэргүүлсэн түүхий эд бол төмрийн хүдэр. Хэдий Хятадын зах зээл дээр 62%-ийн агуулгатай төмрийн хүдрийн үнэ 138 ам.доллароос 100 ам.доллар болж, 27 хувиар буурсан ч Монголын төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 77.8 ам.доллароос 79.5 ам.доллар болж өссөн байна. Мөн төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 1.7 сая тонноор өсөж, 7.5 сая тонн болжээ. Орлого ч 153 сая ам.доллар буюу 34 хувиар нэмэгдсэн байна. Бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын тухайд жоншны биет хэмжээ 300 орчим мянган тонноор, орлого 50 орчим сая доллароор нэмэгдэж 318.5 сая ам.доллар болов. Цайрын биет хэмжээ, орлого аль аль нь 16 орчим хувиар буурч, 183 сая ам.доллар болжээ. Харин газрын тосны зах зээлийн үнэ тогтвортой байсан ч биет хэмжээний бууралтаас хамаарч, орлого 12 хувиар буурч 322 сая ам.доллар болсон байна. Өнгөрсөн онд түүхий эдийн зах зээл Монголын экспортод эергээр нөлөөлсөн гэдгийг тоо баримтууд харуулж байна. Харин энэ жилийн тухайд гол эрдсийн үнэ тогтворгүй байх магадлал нэмэгдэж байна. Зэс, алтны үнэ тогтвортой байх “төлөг”-тэй байгаа. Харин нүүрс, төмрийн хүдрийн үнэ үргэлжлэн буурна хэмээн шинжээчид дүгнэж байна. Зах зээлийн тогтворгүй орчинд Монголын экспортын орлогын өсөлтийг хадгалах гол найдлага нь “Оюутолгойн гүний уурхайн олборлолтын өсөлтийг дагасан зэсийн баяжмалын өсөлт болон шинээр эхэлж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн баяжуулсан нүүрсний экспорт болж байна.

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар, 2025 №01 (038)