Оюутолгой: Хиймэл оюун ухаанаар ирээдүйд гарч болох эвдрэлийг урьдчилан мэдэх боломжтой

"Оюутолгой" компани Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Гүний уурхайн тоног төхөөрөмжийн чичиргээ болон ажиллагааны параметрүүдийг тасралтгүй цуглуулж, хиймэл оюун ухаан, машин сургалт ашиглан доголдол, эвдрэл гэмтлийг урьдчилан тодорхойлох зорилготой  "Зэсийн ухаалаг үйлдвэрлэл" төслийг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар цахилгаан экскаватор, ачигч машинууд, бөмбөлөгт тээрэм, хагас өөрөө нунтаглах тээрэм, хөвүүлэн баяжуулах танк, анхдагч бутлуур болон туузан дамжуургууд дээр цахим мэдрэгчүүд суурилуулсан.

Уурхайн инженерүүд 3 хоногийн өмнө нээлтээ хийсэн "Хөрөнгийн хяналт ажиглалтын төв"-д эдгээр мэдээллийг хиймэл оюун ухаан болон машин сургалтын програмууд ашиглан хянаж, тоног төхөөрөмжийн эвдрэлээс сэргийлэх арга хэмжээ авч байна. Өмнө нь чичиргээний үзлэгийг гар багаж ашиглан хийдэг байсан бол шинэ систем нь цахим мэдрэгчээр тасралтгүй мэдээлэл цуглуулж, өндөр нарийвчлалтай дүн шинжилгээ хийх боломж олгож байгаа юм.  Ингэснээр засварын ажлыг эрт төлөвлөн, сул зогсолт, зардлыг бууруулж, найдвартай ажиллагааг хангах, урт хугацаандаа зэсийн олборлолтын үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.