“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн, “Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болсон байна. Тус хурлаар 2024 оны үйл ажиллагаа болон аудитлагдсан санхүүгийн тайлан, ногдол ашиг хуваарилах эсэх талаарх асуудлуудыг хэлэлцжээ.
“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал компанийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулсан байна. Бизнес төлөвлөгөөндөө 17 зорилтыг тусгаж, 97.1 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн нь толгой компаниас хангалттай гэж дүгнэжээ.
Тайланд, "Багануур" ХК өнгөрсөн онд 32,432.2 мян.м3 уулын ажил, 21,560 мян.м3 хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, 4.9 сая тонн нүүрс олборлож, борлуулсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр нүүрс борлуулсан жил болсон байна.
"Багануур" ХК өнгөрсөн онд 17,8 тэрбумын техникийн шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр хийж, өмнөх техник шинэчлэлийн зээлийн 23,5 тэрбум төгрөгийн өрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн санхүүгийн үзүүлэлтийн хувьд алдагдлыг 9.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 1.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
"Багануур" ХК ₮1.7 тэрбумын ашигтай ажиллаж, ногдол ашиг хуваарилахаар болжээ
Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудлын дагуу цэвэр ашгийн 30 хувь буюу 495.4 сая төгрөгийг нэгж хувьцаанд 23.62 төгрөгөөр тооцож ногдол ашиг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн гэж "Эрдэнэс Монгол" нэгдлээс мэдээллээ.