Үүсмэл ордыг сонгон шалгаруулалтын замаар гэрээ хийж ашиглуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан (2025.04.30)-аас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. 

Тэрээр хэлэхдээ, "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд, түүний үүсмэл ордын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ гэж заасан байдаг. 

Өнгөрсөн хугацаанд уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа нээлттэй сонгон шалгаруулалтгүй ашигладаг байсан. Үүсмэл ордыг цаашдаа нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ хийнэ. Гэрээний үндсэн дээр үүсмэл ордыг ашиглана.

Стратегийн ордыг түшиглэсэн орд байгааг тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоохыг албажуулж байна. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Ачит ихт, Эрдмин, Зэс эрдэнийн хувийн үйл ажиллагаатай очиж танилцсан. Ирэх өдрүүдэд Баялгийн сангийн дагуу төр эзэмшлийг 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулж, дуусгаж, Засгийн газарт танилцуулна. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ. 

Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн хугацаанд үүсмэл ордыг ашиглахаар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Үүнийг Засгийн газрын тогтоолоор зогсоосон. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй зарчмыг барьж, цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, хэрэв тухайн овоолгыг ашиглахаар бол нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, тэнцсэн компанитай гэрээ байгуулж, эзэмшлийн 34 хувийг Баялгийн санд хуримтлуулж, ашиглалтын болон бусад төлбөрийг тухайн үйлдвэрт төлөхийг албажууллаа 
." гэв.