Он гарснаас хойш 4.7 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын хөрөнгийн биржээр арилжлаа. Үүний 43 хувь нь нүүрс, 57 хувь төмрийн хүдэр, баяжмал, үлдсэн бага хувийг хайлуур жонш, зэс тус тус эзэлж байна.
2025 он гарснаас хойш нүүрсний нийт арилжааны 66 хувийг дөрөвдүгээр сард хийсэн. Өнгөрсөн сард амжилттай явагдсан нийт нүүрсний арилжааны 24 хувийг "Тавантолгой" ХК-ийн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс эзэлжээ. Тус бүтээгдэхүүн дуудлага арилжааны үнийн өсөлтгүй, төлбөр хийгдсэнээс хойш 180 хоногийн дотор DAP Ганцмод хүргэлтийн нөхцөлтэй арилжсан байна. Салбарын яамны зүгээс хүргэлтийн өөр нөхцөлийг эрэлхийлж буйгаа мэдэгдэж байгаа юм.
Оны эхнээс хойш төмрийн хүдэр, баяжмалын арилжаа идэвхтэй явагдаж байна. Гуравдугаар сард хамгийн бага арилжаа буюу 145 мянган тонн бүтээгдэхүүн арилжсан. Харин хамгийн их арилжаа нэгдүгээр сард 1 сая тонн төмрийн хүдэр, баяжмал арилжлаа. Нийт арилжааны жингийн 80 хувийг "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн Fe-58% төмрийн баяжмал гэсэн бүтээгдэхүүн эзэлж байна.
Монголын хөрөнгийн биржээр дөрвөн сарын хугацаанд 339 дуудлага арилжааны хуваарь зарлагдсанаас 40 хувь буюу 134 амжилттай арилжаа явагдсан. Нэг болон дөрөвдүгээр сард хамгийн өндөр буюу тус бүр 40 арилжаа, хоёр болон гуравдугаар сард тус бүр 27 арилжаа амжилттай болжээ.