Дэлхийн эрдэс баялгийн салбарт хамгийн “халуухан” эрдсээр зэс болон алт тодорч байна. АНУын Ерөнхийлөгч Д.Трампын Хятад болон бусад улсуудад тавьсан өндөр тарифын нөлөөгөөр дэлхийн хөрөнгийн зах зээл хүндхэн цохилт авсан. Өндөр тарифын нөлөө нь эдийн засгийн өсөлтийг сааруулах, инфляцыг өдөөх, хөрөнгө оруулалтыг боомилох гээд олон сөрөг үр дагавар дагуулна хэмээн эдийн засагчид үзэж байна. Гэхдээ тарифын нөлөө нь уул уурхайн салбарт харилцан адилгүй нөлөө үзүүлэх магадлалтай байна. Ялангуяа зэс үйлдвэрлэгчдийн хувьд. Зэс үйлдвэрлэлээр Өмнөд Америк болон Африк тэргүүлдэг бөгөөд АНУаас хамгийн бага тариф “аваад” байгаа тэдний зарим төлөөлөл тарифыг дэмжих хандлагатай байна.
Дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт АНУын Ерөнхийлөгч Д.Трампын дэлхийн бараг улс орнуудын импортод өндөр тариф тогтоох шийдвэр гаргасны дараа дэлхийн хөрөнгийн зах зээлийн огцом уналт уул уурхайн салбарын гигант компаниудыг ч тойроогүй. Топ 50 компанийн зах зээлийн үнэлгээ дунджаар 11 хувиар унаж, түүнээс хойш сэргэлт авч чадаагүй байна. Ихэнх компаниудын хувьцааны үнэлгээ оны эхний өдөртэй харьцуулахад уналтын бүсэд байсаар байгаа юм. Харин алт, зэсийн салбарт илүү төвлөрсөн зарим компаниудын хувьцааны ханш 50 хүртэлх хувийн өсөлттэй байна. Дэлхийн алт үйлдвэрлэлийн хамгийн том хоёр компани Newmont болон Barrick Gold компанийн хувьцааны үнэ оны эхнээс 3147 хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн жил тэдний хувьд 812 хувиар буурсан. Алтны үнэ түүхэн дээд цэгээ хэдэнтээ эвдэж, улам бүр өсөж байгаа нь алтны компаниудыг “од” болгож байна. Оны эхнээс 21 хувиар өсөж, 3300 ам.долларт хүрээд байгаа алтны үнэ үргэлжилж, 3700 ам.долларт хүрэх боломжтойг томоохон банкууд мэдэгдсэн. Харин зэсийн гол тоглогчдын хувьд харилцан адилгүй байна. Улбар шар металлын үнэ он гарснаас хойш 13 орчим хувиар өссөн. Тарифын нөлөөгөөр үнэ огцом унасан ч гуравхан хоногийн дотор өсөлтөө хадгалж чаджээ. Гэсэн ч зэсийн томоохон олборлогч компаниудын хувьцааны ханшийн савлагаа харилцан адилгүй байна.
Дэлхийн номер гурав, Хятадын Zijing Mining компанийн хувьцааны ханш оны эхнээс 21 хувиар өсөөд байна. Өнгөрсөн онд үнэлгээгээ 20 хувиар өсгөсөн тус компани алт, зэсийн томоохон олборлогч төдийгүй үйл ажиллагаа нь Африк, Өмнөд Америкт түлхүү байдаг нь уул уурхайн бусад компанитай харьцуулахад тарифын нөлөөнөөс хохирол амсах биш харин ч ашигтай байх магадлалтай байна. Тэгюэл дэлхийн 3 дахь том компани, зэсийн олборлолтоор тэргүүлэгчдийн нэг Мексикийн Southern Copper компанийн хувьцааны ханш 14 хувийн, дэлхийн номер 5, Америкийн FreeportMcMoRan компани 11 хувийн, Канадын First Quantum Mineral 10 хувийн алдагдалтай байна. Харин зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч, олон эрдсээр төрөлжсөн томоохон компаниудын хувьд хувьцааны ханшийн өсөлт нь оны эхэнтэй харьцуулахад хасах бүсэд байна. Дэлхийн номер 1, BHP Group ын хувьцааны ханш 5 хувиар, номер 2, Rio Tintoгийн хувьцааны ханш 8 хувиар, номер 6, Glencoreн хувьцааны ханш бүр 28 хувиар тус тус буураад байна. Зэсийн томоохон тоглогчид тарифын нөлөөг харилцан адилгүйгээр хүлээж авч байна. Мөн шинэ тариф нь одоохондоо зэсийн салбарт тавигдаагүй байгаа бөгөөд үүнийг судлах ажлын хэсгийг Трампын захиргаа гаргаад байгаа юм. Зэсийн салбарт өндөр тариф тавих уу, үгүй юу, тариф тавибал олборлогчид болон АНУд ямар нөлөө үзүүлэх талаар зэс үйлдвэрлэлийн томоохон компаниудын захирлууд харилцан адилгүй байр суурьтай байна. Дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт Чилид эхэлсэн CESCO WEEK зэсийн салбарынхны чуулганы үеэр гол тоглогчдын удирдлагууд тус тусын байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал олборлолтоор тэргүүлэгч Чили, Перу, Ардчилсан Конго улсад АНУ 10 хувийн тариф тавьсан. Зэсийн салбарт өндөр тариф тавьбал зэс үйлдвэрлээр тэргүүлэгч орны хувьд ашигтай байх болно гэж Чилийн Уул уурхайн сайд Аврора Уильямс онцолсон.
“Тарифын тодорхойгүй байдал нь дэлхийн зэсийн эрэлтийг богино хугацаанд удаашруулж, зэс үйлдвэрлэгчдийн нийлүүлэлтийн чиглэлийг өөрчлөхөд хүргэж болзошгүй. Бид 10%ийн боломжит тариф хэрэглэх нь бусад зэс үйлдвэрлэгч орнуудын тарифаас доогуур байгаа тул үнийн илүү сайн байр суурьтай болно. Энэ нь биднийг илүү өрсөлдөх чадвартай болгож, бас гайхалтай боломжийг бий болгож байна” гэж тэр тодотгосон. Харин томоохон компаниудын удирдлага өөр өөр байр суурьтай байна. Тэдний зарим нь тарифын өсөлт бизнест нь эерэгээр тусна гэж үзэж байгаа бол зарим нь өрсөлдөх чадвараа алдана гэж онцолж байна. Гэхдээ нийтлэг байр суурь нь тарифын өсөлт зэсийн салбарын эрэлтийн өсөлтийг хязгаарлаж, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Зэсийн төслүүд илүү урт хугацаа, тогтвортой санхүүжилт шаарддагаараа онцлог болохоор урт хугацааны хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулах магадлалтай байна. Харин урт хугацаандаа эрчим хүчний шилжилт, шинэ эрэлтийн нөлөөгөөр зэсийн эрэлт өсөх дүр зураг хэвээр байгаа нь ямар ч тарифын өсөлтийг давж гарна. Гэхдээ компаниуд болон Засгийн газруудын хамтын ажиллагаа, уян хатан байдлын шинэ стратегийг тогтвортой хэрэгжүүлэхийг захирлууд онцолж байна.
Майнинг Инсайт сэтгүүл, Гуравдугаар сар 2025