11 дэх удаагийн САМСА бүсийн чуулга уулзалт энэ сарын 19-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тус чуулган бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эдийн засаг, худалдаа, инновацын харилцааг өргөжүүлэх зорилготой манай улс хүлээн авч байна. Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдах тус чуулганд 30 орны, 70 гаруй илтгэгч оролцохоор бүртгүүлсэн байна. Энэ удаагийн чуулганаар
- Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар — Templeton Global Investments, Монголын Хөрөнгийн Бирж, Худалдаа Хөгжлийн Банк зэрэг хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллагууд оролцсон хил дамнасан хөрөнгө оруулалтын өндөр түвшний чуулга уулзалт.
- Геополитик ба Ногоон Санхүүжилт — Олон туйлт дэлхий, уур амьсгалын дипломат харилцаа, ногоон санхүүгийн сэдвүүдийг IFC, EBRD, Монголын Байгаль Хамгаалах Сангийн оролцоотой хэлэлцэнэ.
- Чухал ашигт малтмал ба нийлүүлэлтийн сүлжээ — Газрын ховор элемент, стратегийн түүхий эдийн эрэлт нэмэгдэж буй энэ үед Монголын бодлогыг танилцуулж, Казахстан болон олон улсын уул уурхайн төлөөлөл санал бодлоо солилцоно.
- Технологи ба инновац — Хиймэл оюун ухаан, финтекийн экосистем, гарааны бизнесийн бүс нутгийн хөгжилд төвлөрсөн хэлэлцүүлэг. Оролцогчид: Accelerate Prosperity, Qazaqstan Venture Group, Монголын тэргүүлэх технологийн компаниуд гэсэн сэдвийг хөндөхөөр болжээ.
Энэ удаагийн чуулган "Бүс нутгийн ирээдүйг төсөөлөх нь: CAMCA дахь Бизнес, Нийгэм ба Засаглал" гэсэн уриан дор явагдана.
CAMCA Бүсийн Форумын тухай
- CAMCA бүсийн форум нь улс төрөөс ангид, аль нэг нам, үзэл баримтлалаас хараат бус, бүс нутгийн шинээр гарч ирж буй манлайлагчид болон салбар бүрийн мэргэжилтнүүдийн хооронд харилцан ойлголцол, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой платформ юм. Форум нь бүс нутгийн хэмжээнд тулгарч буй нийтлэг сорилтуудад суурь шийдэл гаргахыг дэмжиж, бизнес, засаглал болон иргэний нийгмийн түвшинд уялдаа холбоог бэхжүүлэхийг зорьдог.
- Форумыг Америкийн Гадаад Бодлогын Зөвлөлийн дэргэдэх Төв Ази–Кавказын Хүрээлэн (CACI), Рамсфелд Сан болон CAMCA Нетворк хамтран зохион байгуулдаг. CAMCA сүлжээ нь CAMCA-ийн 10 орны 300 гаруй шинээр гарч ирж буй манлайлагчдыг нэгтгэсэн хамтын ажиллагааны нийгэмлэг юм.