Зүүн өмнөд Азийн хөрөнгө оруулагчдад танилцуулсан Монголын боломж

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон “Дорнын түншлэл” Бизнесийн зөвлөл хамтран “Дорнын түншлэл: Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-ыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү форумд Зүүн өмнөд Азийн орнууд, тэр дундаа БНХАУ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын уул уурхай, уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 орчим компанийн 100 гаруй төлөөлөл (2025.05.15) оролцлоо.

Монгол Улсын төрийн холбогдох байгууллагууд форумд оролцож, гадаадын хөрөнгө оруулагчидтай урт хугацааны түншлэл, тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого шийдвэрүүд, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны нөхцөл, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэсэн. Түүнчлэн байгууллагууд хоорондоо түншлэл тогтоохоос гадна бизнесийн хэлэлцүүлэг, B2B уулзалтууд, төслийн танилцуулга зэргийг нэг дор төвлөрүүлсэн ач холбогдолтой уулзалт боллоо. Энэхүү арга хэмжээг Шадар сайд Т.Доржханд нээж үг хэлэхдээ, “Гашуунсухайт- Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг албан ёсоор нээлээ. Энэхүү боомт нээгдсэнээр Монгол Улсын экспортын гарц хоёр дахин нэмэгдэнэ. Үр дүнд нь нүүрсний хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрч, жилийн экспортын орлого 1,5 тэрбум ам.доллароор нэмэгдэх тооцоолол байна. Мөн ирэх 2-3 жилүүдэд нэмж гурван боомт нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн “Монгол Улсын санхүүгийн зах зээлийн зохицуулалт ба хөрөнгө оруулалтын нээлттэй орчин: уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зохицуулалт, гадаад мөнгөн гүйлгээ” сэдвээр илтгэл танилцууллаа. Илтгэлдээ, “Уул уурхайн салбар нь Монгол Улсын тэргүүлэх салбар бөгөөд экспортын 90 гаруй хувийг эзэлдэг. УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг 2022 онд баталсан. Эл хууль 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Ингэхдээ уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсад экспортлоход өрсөлдөөнт үнийн арга буюу дуудлага худалдааны аргыг ашигладаг. Засгийн газраас Монголын хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үүргийг давхар гүйцэтгүүлэх чиглэл гарсан. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хөрөнгийн биржид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл өгч, холбогдох дүрэм журмыг баталсан. Өнөөгийн байдлаар зах зээлд жонш, төмөр, нүүрс, зэс болон молбедин гэсэн 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг амжилттай арилжаалаад эхэлсэн. Биржийн арилжаа эхэлсэн цагаас нийтдээ 1000 гаруй арилжаа уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжсан байна. Ингэхдээ 45.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүний 17.6 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн. Үүнээс хамгийн өндөр арилжааг нүүрс эзэлж байна. Арилжаанд зуучлах 13 брокер компани Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваад ажиллаж байна. Үүнээс БНХАУ-ын хөрөнгө оруулалттай зарим компаниуд үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон. Худалдан авагч уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцохдоо дэнчин байршуулдаг онцлогтой. Энэхүү арилжааг бусад улстай харьцуулахад худалдан авагч биржид гишүүнчлэлтэй болж, гэрээ байгуулснаар арилжаанд оролцох боломжтой. Одоогоор ийм зах зээл амжилттай үүсээд явж байна. Мөн уул уурхайн биржийн бүтээгдэхүүний холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулахаар болсон. Өмнө нь нэг жил хүртэлх гэрээг хатуу нөхцөлтэй хийдэг байсан. Тэгвэл одоо зах зээлд үнэ өсөх үед өсөж, унах үед унах боломжтой байдлаар гэрээнд өөрчлөлт оруулах шинэ журам танилцуулсан. Энэ хүрээнд ч мөн арилжаа явуулах боломж бүрдээд байна” гэсэн юм. 

Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд юун түрүүнд дотоодын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хууль эрх зүйн орчноо тодорхой болгох шаардлагатай. Иймээс Эдийн засаг, хөгжлийн яамнаас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад шаардлагатай суурь судалгааг хийх гэж байна. 

Тодруулбал, Татварын хууль болон Төр, хувийн хэвшлийн хуульд хөрөнгө оруулалт татахад таатай нөхцөл бүрдүүлэх тал дээр анхаарсан өөрчлөлтүүд оруулах аж. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагч Монголд шинээр орж ирэхэд аль салбар яам, агентлагт хандах нь тодорхойгүй нөхцөл байдал үүсдэг байна. Уг ойлгомжгүй байдлыг цэгцлэх, цаг хугацааг хэмнэх байдлаар ил тод, ойлгомжтой болгоход анхаарч, нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлэхээр болжээ. Түүнчлэн Монгол Улс нь эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт татах сонирхол өндөр байна. Иймээс Эрчим хүчний тухай хуулиа шинэчилж, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалахад чиглэсэн өөрчлөлтүүд хийж, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлэхийг зорьж байна. Түүнчлэн Монгол орон даяар хэрэгжүүлэх боломжтой сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн судалгааг гаргаж, олон улсын нээлттэй тендер зарлахад бэлэн болоод байгаа аж. Эхний тендерийг энэ зун зарлахаар бэлтгэл ажил ажилдаа орсон байна. Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого 2030” дунд хугацааны бодлогын баримт бичигтээ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг шинэчлэх, үйлдвэржилтийг өрнүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн шинэ хот, чөлөөт бүсүүдийг байгуулах, боомт, тээвэр логистикийн дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, бүс нутгийн сүлжээнд нэгдэх зорилтыг тусгасан. Энэ дагуу олон улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ түншлэлийг эхлүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулах боломж, харилцан ашигтай, итгэлцэлд суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд арга хэмжээнүүд төлөвлөж буйн нэг нь “Дорнын түншлэл: Худалдаа, хөрөнгө оруулалтын форум” юм.

Майнинг Инсайт сэтгүүл, Тавдугаар сар 2025