Алтны үнэ 1700 ам.доллар давлаа

Б.ЭНХМАА

АНУ-ын үйлдвэрлэлийн үзүүлэлт таамаглаж байснаас илүү буурсан мэдээлэл үнэт металлын зах зээлд мэдэгдэхүйц нөлөөлж алтны үнэ 1719 ам.доллар болж өсжээ. Энэ нь сүүлийн гурван долоо хоногийн хамгийн өндөр ханшид тооцогдож байна. Зарим бирж дээр алтны үнэ 1727 ам.долларт хүрсэн аж.

АНУ-ын үйлдвэрлэл болон үйлчилгээний ISM индекс 2020 оны тавдугаар сараас хойших хамгийн доод хэмжээнд хүртэл буурсан үзүүлэлттэй гарсан юм. Тус улсын эдийн засаг дахь нээлттэй ажлын байрны тоо сүүлийн 1.5-2 жилийн хугацаанд хамгийн их буурч, харин цомхотгол бага зэрэг өссөн нь хөдөлмөрийн зах зээл хүйтэрч эхэлснийг харуулж байна.
Одоо АНУ-ын Төв банкны мөнгөний бодлогын цаашдын чиг хандлагыг тодруулах хөдөө аж ахуйн бус салбарын ажил эрхлэлтийн мэдээллийг худалдаачид хүлээж байгаа тул металлын үнэ чухал мөчлөгт байна. Тус улсын ажил эрхлэлтийн мэдээлэл, түүний дотор нээлттэй ажлын байр, ADP судалгааны хүрээлэнгийн тоо баримтууд энэ долоо хоногт алтны ханшийг тодорхойлох болно. Хэрэв ажлын байрны мэдээлэл таамаглаж байснаас сул гарвал алт өснө гэсэн үг. 

Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой зах зээлийн савалгаанд гуравдугаар сард алтны ханш 2000 ам.доллар давсан юм.