Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс кобальтын экспортод тавьсан хоригоо цуцалж, ирэх аравдугаар сарын 16-наас эхлэн жил бүр экспортын квот тогтоох зарчмаар зохицуулна гэж тус улсын Стратегийн эрдэс баялгийн зах зээлийн зохицуулалт, хяналтын газраас мэдээлжээ. 2026, 2027 онд жилийн дээд хэмжээ 96,600 тонн байхаар тогтоож буй аж.
Өнгөрсөн онд дэлхийн кобальтын үйлдвэрлэлийн 70 орчим хувийг бүрдүүлсэн Конго улсад тухайн чухал ашигт малтмалын үнэ сүүлийн есөн жилийн доод түвшинд хүрч буурсны улмаас энэ жилийн хоёрдугаар сард кобальтын экспортоо зогсоосон. Уг хоригийг зургаадугаар сард сунгасан юм.
Тэгвэл Конго улсын Засгийн газраас кобальтын экспортод хориг бус квотын системд шилжүүлэхээр болжээ. Энэхүү шийдвэрийг томоохон үйлдвэрлэгчдээс Glencore дэмжсэн бол Хятадын CMOC эсэргүүцсэн байна.
Конго улсын үндсэндээ зохицуулалтгүй бичил уурхайн салбар нь кобальтын олборлолтын ихээхэн хувийг эзэлдэг. Тус улсын зүүн хэсэгт хурцдаж байгаа ашигт малтмалын хууль бус олборлогчдын эсэргүүцлийг улам өдөөнө гэж шинжээчид үзэж байна.