UEC: 2022 онд дэлхийн хамгийн өндөр ураны агуулгатай эрдэсжилт нээсэн

Б.ЭНХМАА

Uranium Energy (NYSE American: UEC) компани Саскачеваны хойд хэсгийн зүүн Атабаска сав газарт орших “Christie Lake” ордын төсөлд шинэ нээлт хийжээ. Тодруулбал, дунджаар 7.8 хувийн ураны исэл буюу өндөр агуулгатай эрдэсжилтийг тогтоосон байна. Энэ нь төслийн хүрээнд анх удаа илэрсэн, 2022 онд дэлхий дахинд мэдээлэгдсэн хамгийн өндөр агуулгатай эрдэсжилт болохыг компани онцолжээ.

“Christie Lake” нь UEC-ийн 171 сая канад доллароор худалдаж авсан 29 төслийн нэг бөгөөд хайгуулын шатандаа байгаа таван төслийн нэг аж. Төслийн 82.77 хувийг UEC эзэмшиж байна. Энэхүү төсөл нь дэлхийн хамгийн том, хамгийн өндөр агуулгатай ураны уурхай болох “McArthur River” төслөөс 9 км зайд буюу эрдэсжилтийн нэг бүсэд оршдог байна. “McArthur River” төслийг Cameco компани хэрэгжүүлдэг.