Монгол Улс 2025 оны эхний 11 сард 13.7 тэрбум ам.долларын экспорт хийсэн байна. Үүнээс 11.5 тэрбум ам.доллар буюу 84 хувийг зэсийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, алт, төмрийн хүдэр, баяжмал гэсэн дөрвөн эрдсийн бүтээгдэхүүн бүрдүүлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулах (ӨОМҮХ)-д экспортын орлогод чулуун нүүрс 3.1 тэрбум ам.доллар, боловсруулаагүй газрын тос 63.3 сая ам.доллароор буурсан нь нөлөөлсөн. Харин зэсийн хүдэр баяжмал 2.1 тэрбум ам.доллар, алт 135.3 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 48.8 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 39 сая ам.доллар, жоншны хүдэр баяжмал 2.7 сая ам.доллар, хүрэн нүүрс 1.9 сая ам.доллароор тус тус өссөн нь гадаад худалдааг тэнцвэржүүлэхэд тусалсан байна.
Экспортын эрдэс бүтээгдэхүүний биет хэмжээ чулуун нүүрс, молибденийн хүдэр, баяжмал өмнөх оны түвшинд байна. Харин зэсийн хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, баяжмал, жоншны хүдэр, баяжмал, цайрын хүдэр, баяжмал, хүрэн нүүрс өсөлттэй гарсан байна.


















