Хүний амьсгалын замаар нэвтрэх, 0.001-100 мкм хэмжээтэй агаарт тархсан хатуу болон шингэн хэсгүүдийг ерөнхийд нь тоосонцор гэж нэрлэдэг. Тоосонцорт тоос, металлын уур, утаслаг ширхэглэг, утаа, мананцар био-аэрозол хамаардаг. Тоосонцор нь байгаль дээр ажлын орчны агаарт янз бүрийн хэмжээ хэлбэр, ширхэгтэй тархсан байдаг.
Ажлын байранд үүсдэг тоосны онцлог, шинж чанар
Үйлдвэрлэлийн орчинд, бүхэл материалыг бутлах, үрэх, нунтаглах, хөрөөдөх, зүлгэх зэрэг механик үйлчлэлийн улмаас органик бус тоос үүсдэг. Ийм тоос ихэвчлэн ашигт малтмалын олборлолт, боловсруулах үйлдвэр, төмөр болон авто зам, барилга байгууламж, цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн салбарт зонхилон тохиолдог. Ингэж үүссэн тоос нь эх үүсвэрээс шалтгаалан найрлагадаа цахиур, хар тугалга, мангани, фтор гэх мэт элементүүд агуулдаг.
Тоосны хэмжээ ба хүний биед үзүүлэх нөлөө:
Тоосны эх үүсвэр, хэмжээ, хэлбэрээс хамаарч, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, үүсгэх өвчин нь өөр өөр байна.
Амьсгалын замын дээд хэсэгт нэвтэрдэг тоос нь амьсгалах үед хамар, амны хөндий, залгиур зэрэг амьсгалын замын дээд хэсэгт хуримтлагддаг тоосонцорыг хэлнэ.
- Амьсгалын дээд замд нэвтэрдэг тоос ≤100 микрометр (µm) хэмжээтэй.
Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө:
- Хамар, хоолойн цочрол
- Харшил
- Хамрын салстын үрэвсэл
- Хоолой өвдөх
Амьсгалын замын дунд хэсэгт нэвтэрдэг тоос нь амьсгалын дээд хэсгийг (хамар, залгиур) давж, гуурсан хоолой болон гуурсанцарт хуримтлагддаг тоосонцрыг хэлнэ.
- Амьсгалын дунд замд нэвтэрдэг тоос ≤10 микрометр (µm) хэмжээтэй.
Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө:
- Гуурсан хоолойн үрэвсэл
- Архаг ханиалга
- Бронхит
- Астма сэдрэх
Уушгины цулцанд нэвтэрдэг тоос нь амьсгалах үед хамрын хөндий, гуурсан хоолойг давж уушгины гүн хэсэг цулцанд хүрдэг тоосонцрыг хэлнэ.
- Уушгины цулцанд нэвтэрдэг тоос ≤4 микрометр (µm) хэмжээтэй.
Энэ төрлийн тоос яагаад аюултай вэ?
- Цулцанд орсон тоос биеэс амархан гадагшлахгүй
- Цусанд нэвтрэх боломжтой
Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө:
- Уушгины багтраа
- Силикоз
- Архаг уушгины өвчин
- Хавдар үүсгэх эрсдэлтэй.
- Үйлдвэрлэлийн орчны тоос: <4 микрометр
- Хүний үсний диаметр: 50–70 микрометр
- Элсний ширхэг: 90 микрометр
Үүнээс үзвэл цулцанд нэвтэрдэг тоос нь бидний нүдэнд үл үзэгдэх, маш нарийн бүтэцтэй болохыг харуулж байна.
Тоосны шинж чанарыг мэдэх нь яагаад чухал вэ?
Тоосны хэлбэр, хэмжээ, найрлагыг ойлгосноор:
- Ажил олгогч ажлын байранд тоосны эх үүсвэрт зөв хяналтын арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэхэд тусална.
- Тоосны өртөлтөөс урьдчилан сэргийлэх зан үйл, дадалтай болох, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
- Ажилтнууд үйлдвэрлэлийн орчинд хамгаалах хэрэгслийг зөв сонгон хэрэглэж, өдөр тутмын дадлыг хэвшүүлэх боломжтой.
Иймд ажлын байран дахь тоосны шинж чанарыг тодорхойлон түүнд тохирсон хяналтын арга хэмжээ болоод хамгаалах хэрэгслийг хэрэглүүлэн ажилтныг хамгаална уу.




















