Хамгийн сайн хамгаалалт бол зөв дадал

Монгол Улсад барилга, зам, дэд бүтэц, үйлдвэр, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Эдгээр салбарууд харьцангуй өндөр цалин хөлстэй учраас ажилчдын тоо болон тухайн салбарт ажиллах сонирхол жилээс жилд тогтмол нэмэгдэж байна. Гэвч бүтээн байгуулалтын цаана хүний нүдэнд үл үзэгдэх, аюул дагуулсан нэгэн бодит байдал оршдог нь тоос тоосонцор юм. Энэ нь “зүгээр” нэг тоосонцор бус уушгинд хуримтлагдан өвчин үүсгэдэг нэгдлүүд юм. 

Ажлын явцад ажилтан өөрөө анзаарахгүй өнгөрч болох ч амьсгал хамгаалах хэрэгсэл хэрэглэлгүй, хэнэггүй ажилласан өдрүүдийн хор уршиг нь хожим илэрч, ноцтой эрсдэл дагуулдгийг статистик тоо баримт болон бодит жишээнүүд тодорхой харуулж байна.

Тухайлбал, нэгэн уурхайчин “Би 20 жил нүүрсний уурхайд ажилласан. Амьсгал хамгаалах хэрэгсэл зүүхэд халуун, тухгүй санагддаг байсан тул хэрэглэдэггүй байв. Харин одоо эмнэлгийн орон дээр хэвтэж, амьсгалах бүрдээ тухайн үеийн хайхрамжгүй байдлынхаа хор уршгийг мэдэрч байна…” хэмээн ярьжээ. Энэ бол ганц хүний түүх бус 2024 оны байдлаар 1171 ажилтны бодит үнэн юм. 

Амьсгал хамгаалах хэрэгсэл гэдэг нь тоос, тоосонцор, бактери, вирус, химийн бодис, утаа, угаар болон хорт хийн нөлөөллөөс амьсгалын замын эрхтнийг хамгаалах зориулалттай.

Олон улсад амьсгал хамгаалах хэрэгсэлтэй холбоотой стандарт, хяналт, торгуулийн тогтолцоо байдаг. АНУ улсад 2001 оноос амьсгал хамгаалах хэрэгслийн стандарт батлагдан зохицуулж ирсэн байна. Одоогийн байдлаар тухайн стандарт, зөвлөмжүүдээ улам сайжруулсаар байна.

Улс

Стандарт

/дүрэм

Батлагдсан он

Хамрах хүрээ

Гол шаардлага

Амьсгал хамгаалах хэрэгслийн төрөл

АНУ

US OSHA 

1910.134



 

US NIOSH NIOSH 

2001.06.08 

(1919 оноос уурхайн ажилчдад маск хэрэглэх зөвлөмж өгч эхэлсэн)

Үйлдвэр, уурхай, лаборатори, химийн үйлдвэрийн ажилчид 

Ажилчдад үнэгүй олгох, зөв хэрэглэх, хадгалах сургалтад заавал хамруулна 

N95, N99, N100

 

R95, R99, R100

 

P95, P99, P100

 

(нийт 9 төрөл)

 

Герман

EN 149+,  A1:2009

2001 

Бүх төрлийн үйлдвэрлэл уурхай

Ажилчдын нүүрний хэлбэрт тохирсон амны хаалт хэрэглэн, жилд 1 удаа тохируулга хийлгэнэ

FFP1 

FFP2 

FFP3

Их Британи 

BS EN 529:2005

2005 

Металл боловсруулах, тоосго, химийн зэрэг үйлдвэр, уурхай  

Ажилчин бүрт тохируулга,  туршилт, эрсдэлийн үнэлгээ хийнэ 

FFP1 

FFP2 

FFP3

Япон

JIS T, JIS T 8159

2006

Үйлдвэр, уул уурхай, лаборатори

Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, тохируулга хийх, хамгаалалтыг тогтмол хэмжинэ 

DS2  

DS3 

PAPR

 

Япон улсад ажлын байр гэлтгүй олон нийтийн газар, тухайлбал дэлгүүр, тээвэр, сургууль, эмнэлэгт иргэд амьсгал хамгаалах хэрэгсэл тогтмол зүүдэг. Заавал зүүхээр хуульчлаагүй ч нийгмийн хариуцлага, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах хандлага, хэвшмэл соёл болсон. Тус улсад тоосонцор, харшлын өвчлөлийн түвшин маш бага. 

Герман улсын хувьд EN 149 болох “Filtering half masks to protect against particles” буюу шүүлтүүртэй амьсгал хамгаалах хэрэгслүүдийг тоос, үнс, бусад тоосонцороос хамгаалах зориулалтаар хэрэглэхээр стандартчилсан. 

Шведийн Хөдөлмөрийн орчны агентлаг нь 2025 оны 1-дүгээр сарын 1-нээс эхлэн бүх ажилчдын амьсгал хамгаалах хэрэгслийг хувь хүн тус бүрд тохирсон (тохирооны сорилд үндэслэн) байдлаар олгох шаардлага тавьсан.

Монгол Улсын хувьд Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавих ерөнхий шаардлага MNS 6654:2017 стандартыг 8 жилийн өмнөөс мөрдөж байна. 

Улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн дийлэнх хувь нь ажлын байрны тоосноос шалтгаалсан өвчлөл эзэлж байгаа нь аж ахуй нэгж байгууллагад амьсгал хамгаалах хэрэгслийн стандартын хэрэгжилт хангалтгүй, ажлын талбарт амьсгал хамгаалах хэрэгсэл хэрэглэх дүрэм журмын хяналт сул, ажилтан хэрэглэж дадаагүйг илэрхийлж байна. 

Тэгвэл анх удаа Засгийн газрын тогтоолоор 2024 оны 12 дугаар сард баталсан Тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах техникийн зохицуулалтад Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавих ерөнхий шаардлага  MNS 6654:2017 стандартын хэрэгжилтийг тусгасан. Ингэснээр тухайн стандартыг заавал мөрдөн хэрэгжүүлэх зохицуулалттай болж байгаа юм. 

Уг стандартын шаардлагын дагуу тоосны эрсдэлтэй ажлын байранд ажиллаж буй ажилтан бүрт тохирсон амьсгал хамгаалах хэрэгслийг хэрэглүүлнэ

Ажил олгогч ажилтанд зориулсан амьсгал хамгаалах хэрэгслийг сонгохдоо ажлын байрны нөхцөл, агаар бохирдуулагчийн шинж чанар, ажилтны  бие бялдар, эрүүл мэндийн байдалд үндэслэн сонгох нь зүйтэй.  

Ажлын байрны нөхцөл, агаар бохирдуулагчийн шинж чанараас хамааруулан тоостой ажлын байранд агаар дахь тоосонцорыг шүүдэг шүүлтүүртэй амьсгал хамгаалах хэрэгслийг хэрэглэнэ.  Харин химийн бодисын өртөлт бүхий ажлын байранд тухайн химийн бодисыг шүүх зориулалтын шүүлтүүр бүхий амьсгал хамгаалах хэрэгслийг сонгоно. Тухайн ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэй уялдуулан нүүрний бүтэн хамгаалалттай, хагас хамгаалалттай, хөдөлгүүрт, агаарын хангамжтай зэрэг төрлүүдээс мөн сонголт хийнэ.

Энгийн: Нэг удаагийн хэрэглээнд зориулагдсан, 4–6 цаг хэрэглэсний дараа хамгаалах чадвараа алддаг. Агаар дахь том ширхэгтэй тоосонцор, уур, үнэр зэргийг хэсэгчлэн шүүдэг. Үйлдвэр, уурхайд үүсэх бичил тоосонцрыг бараг шүүхгүй.  

FFP1 шүүлтүүртэй: Агаар дахь 0.3 микограм дээш тоосонцрыг 80 хүртэл хувь шүүх чадамжтай. Бага тоосжилт, хөнгөн бохирдолтой нөхцөлд хэрэглэдэг. Хөнгөн үйлдвэрлэлд түлхүү ашиглагддаг байна. 

N95 (АНУ), FFP2 (Европ), DS2 (Япон) шүүлтүүртэй: Нэг удаагийн хэрэглээнд зориулагдсан. Агаар дахь 0.3  микограм дээш тоосонцрыг 95 хувь хүртэл шүүдэг. Анх 1995 онд “N95” нэр томьёотой батлагдсан. Агаар нэвтрүүлэх чадвар өндөр тул амьсгалахад харьцангуй хялбар. Нүүрэндээ зөв тааруулж зүүх нь хамгаалалтын үр дүнг тодорхойлдог. 

FFP3 (Европ), DS3(Япон) шүүлтүүртэй: Агаар дахь 0.3  микограм дээш тоосонцор, цементийн тоос, металлын тоосыг 99 хувь хүртэл шүүдэг. 

Өндөр үр ашигтай агаарын шүүлтүүртэй (HEPA): 99.97 хувь хүртэл шүүдэг. Аюултай химийн бодисын үйлдвэрлэл, био лаборатори зэрэг маш өндөр эрсдэлтэй нөхцөлд ашиглагддаг. Амьсгалж буй агаарыг тасралтгүй цэвэршүүлэх цэвэршүүлэгчтэй. Энэ нь хүний амьсгалыг тогтвортой, цэвэр агаараар хангадаг. 

Эдгээр нь олон улсын стандартад амьсгал хамгаалах хэрэгслийн шүүлтүүрнээс хамаарсан ялгаатай байдлыг илэрхийлэх цөөн жишээ юм. 

Нүүрний бүтэн хамгаалалттай амьсгал хамгаалах хэрэгсэл: Уул уурхай, цемент, төмрийн үйлдвэр, элс хайрганы карьер зэрэг өндөр эрсдэлтэй орчинд нүүрний бүтэн хамгаалалттай  амьсгал хамгаалах хэрэгсэл шаардлагатай. Энэ нь зөвхөн амьсгалыг төдийгүй нүдийг тоос, хий, химийн бодисын уураас хамгаалдаг.

Агаар цэвэршүүлэгчтэй амьсгал хамгаалах хэрэгсэл: Цэвэршүүлэгч элементээр агаар нэвтрүүлэхдээ тодорхой төрлийн бохирдуулагчдыг шүүж цэвэрлэдэг шүүлтүүр, бортого бүхий амьсгал хамгаалах хэрэгсэл.   

Хөдөлгүүрт агаар цэвэршүүлэгч амьсгал хамгаалах хэрэгсэл (powered air purifying respirator): Механик хүчээр орчны агаарыг соруулж цэвэршүүлэгч элементээр нэвтрүүлэн агаар оруулдаг.  

Агаараар хангах амьсгал хамгаалах хэрэгсэл (atmosphere-supplying respirator): Ажлын орчноос хамаарахгүйгээр амьсгалах боломжийг олгодог агаар хангамж болон агаар нөөцлөгчтэй амьсгал хамгаалах хэрэгсэл

Зугтаахад зориулсан амьсгал хамгаалах хэрэгсэл: Зөвхөн онцгой нөхцөлийн үед аюулгүй газар луу зугтаахад хэрэглэх зориулалттай.  Ердийн ажлын явцад тасралтгүй хэрэглэхэд зориулагдаагүй

Ажилтны бие бялдар, эрүүл мэндийн байдалд үндэслэн амьсгал хамгаалах хэрэгсэлийг сонгохдоо нүүрний хэлбэр хэмжээнд тохируулан тохирооны сорилыг заавал хийх шаардлагатай. 

Тохирооны сорил нь амьсгал хамгаалах хэрэгсэл ажилтныг бүрэн хамгаалж чадаж буй эсэхийг баталгаажуулах, амьсгал хамгаалах хэрэгслийн үр ашгийг тоон болон чанарын аргаар үнэлж,   агаарт буй тоосонцор болон амьсгал хамгаалах хэрэгслээр шүүгдэх тоосоцорын харьцааг тооцож үр ашгийг тодорхойлдог. 

Эцэст нь, ажлын байран дээр амьсгал хамгаалах хэрэгсэл зүүх нь зөвхөн дүрэм мөрдөж байгаа хэрэг биш. Өөрийн эрүүл мэнд, амь нас цаашлаад гэр бүлээ эрсдэлээс хамгаалж буй явдал юм. Хамгийн сайн хамгаалалт бол зөв дадал билээ.