Дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтээр эрэлт нэмэгдэж буй металлуудын үйлдвэрлэлийн шинэ төслүүдийг компаниуд яаравчилж байна. Barrick Gold компани Иран, Афганистаны хилийн ойролцоо Пакистаны нутагт орших зэс-алтны Reko Diq ордыг ашиглахаар төлөвлөжээ. Тухайн төслийг эхлүүлэх зөвшөөрлийг тус улсын Ерөнхийлөгч Ариф Алви соёрхон баталсан талаар компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдсэн байна.
Reko Diq төслийн 50 хувийг Barrick Gold, 25 хувийг орон нутгийн Белужистаны засаг захиргаа, 25 хувийг Пакистаны төрийн компани эзэмшинэ. Тус компани 2027-2028 онд эхний шатанд 4 тэрбум ам.доллар, 2033 онд хоёрдугаар үед 3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалттай жилд 40 сая тонн хүдэр боловсруулах үйлдвэрийг байгуулах юм.
“Mining Intelligence”-ээс эрэмбэлснээр дэлхийд ашиглагдаагүй зэсийн 10 том ордын дөрөвдүгээрт Reko Diq тооцогддог.
Зэсийн 15 сая тонн нөөцөөс гадна 41.5 сая унц алтны нөөцтэй эл ордыг 1990-ээд оны сүүлчээр “BHP” компани анх нээжээ. 2000 онд төслийн нийт хөрөнгө оруулалт 3 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байжээ. Тухайн үед Antofagasta, Barrick Gold компанийн 50-50%-ийн эзэмшилтэй хамтарсан компани ордын олборлолтыг эхлүүлсэн боловч төслийг хэрэгжүүлэх хугацаа урт, тооцоолол буруу гэсэн үндэслэлээр 2011 онд орон нутгийн Засаг захиргаа гомдол үүсгэснээр талууд арбитрын шүүхэд хандахад хүрсэн юм. Арбитрын шүүхээс 2019 онд Пакистаны төр засаг буруутай гэсэн шийдвэрийг гаргажээ. Олон жил үргэлжилсэн маргаан энэ оны эхээр шийдвэрлэгдсэнээр Barrick Gold нь Пакистаны Засгийн газартай тохиролцоонд хүрч, уурхайг хэрхэн явуулах, ашиг хуваах урьдчилсан төлөвлөлтийг баталгаажуулжээ.