2026 онд уул уурхайн салбарын томоохон төслүүд эдийн засгийн өсөлтийг тэтгэнэ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаас гарсан шийдвэрийг өнөөдөр (2026.03.20) танилцууллаа. 

Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц буурч, 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувьд хүрч зорилтот интервалын голч руу дөхлөө. Инфляц Төв банкны зорилтот интервалын орчимд байх төсөөлөл хэвээр байна. Гэвч шатахуун болон хүнсний үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгаа нь цаашид инфляцын төлөвийг өөрчилж болзошгүй.

Эдийн засгийн өсөлт 2025 онд 6.8 хувьд хүрч эрчимжихэд хөдөө аж ахуй, уул уурхай болон аж үйлдвэрийн салбар гол хувь нэмэр орууллаа. Энэ онд уул уурхайн салбар, томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байна. Цаашид эдийн засгийн өсөлт потенциал түвшнийхээ орчимд тогтворжих хүлээлттэй байна.

Дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ түүхэн өндөр түвшинд хүрсэн нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөө үзүүлэв. Гэвч Ойрх Дорнодын бүс нутагт өрнөж буй мөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв муудах, түүхий эдийн үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлээд байна.

Эх сурвалж: mongolbank.mn