Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 3.3 хувиар өсч 105.76 ам.долларт хүрчээ. Энэ нь наймдугаар сараас 1-нээс хойших хамгийн түвшинд тооцогдож байна. Хятад улсын эдийн засгаа эрчимжүүлэх бодлого нь төмрийн хүдрийн үнэ өсөхөд нөлөөлснийг Huatai Futures-ийн шинжээчид тэмдэглэжээ.
Хятад улс 2023 онд эдийн засгийн өсөлтөө 5 хувиас дээш барих зорилттойг Хятадын Ардын Банкны бодлогын зөвлөх Лю Шижин (2022.11.18) мэдэгдсэн байна. Тус мэдэгдлийн дараа түүхий эдийн биржүүд дээр төмрийн үнийн ханш өсөх хандлага ажиглагджээ. Түүнчлэн, Даляны бирж дээр коксжих нүүрсний үнэ 2.1 хувь өссөн байна.
Тус улсад шинэ орон сууцны үнэ 2015 оноос хойших хамгийн хурдацтай буурчээ. Аравдугаар сарын эдийн засгийн үзүүлэлтүүд Ковид-19-ийн хязгаарлалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын удаашралын улмаас дэлхийн хоёр дахь том эдийн засгийн эрч суларч байгааг харуулсан юм. Хятадын нийт гангийн эрэлтийн 1/3-ээс илүү хувийг эзэлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал нь төмрийн хүдрийн хэтийн төлөвийг бүрхэгдүүлж байна.
Сүүлийн өдрүүдэд төмрийн хүдрийн үнийн өсөлт бол гангийн бодит эрэлтээс илүүтэй зах зээлийн өөдрөг хүлээлт гэж зарим шинжээчид үзэж буй. Тэгвэл Хятад улс эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авч магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэх зах зээлийн оролцогчид ч байна. Энэ нь төмрийн хүдрийн зах зээл савлагаатай, тогтворгүй байгааг илтгэнэ.
1 Сэтгэгдэл