Э.ОД
Лондоны металлын биржээс Оросын хөнгөн цагааны арилжаалах шийдвэр гаргасны дараа тус улсын “Русал” компанийн 2023 оны борлуулалт нэмэгджээ. Аж үйлдвэрийн металлын дэлхийн хамгийн эртний тус бирж нь Оросын металлын арилжаанд хориг тавих асуудлаар аравдугаар сард хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд энэ сарын 11-нд арилжааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Оросын хөнгөн цагааны хамгийн том үйлдвэрлэгч “Русал” компанийн зүгээс “Русалын хөнгөн цагааны арилжааг үргэлжлүүлэх Лондоны металлын биржийн шийдвэр нь нэн түрүүнд дэлхийн үйлчлүүлэгчдийн ашиг сонирхолд нийцэж байна. Тус шийдвэрийн дараа манай компанийн 2023 оны гэрээний нэмэлт борлуулалт нь анхны таамаглалаас давсан. Хөнгөн цагааны эрэлтийг автомашины салбар голлон бүрдүүлж байгаа бөгөөд дэлхий дахинд хэрэглээ нэмэгдэж байгаа"-г мэдэгдэлдээ онцолсон байна.
Орос бол хөнгөн цагааны томоохон үйлдвэрлэгч улс, “Русал” компанийн тухайд Хятадаас гадна дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Энэ оны хоёрдугаар сард Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс хойш Москвагийн эсрэг тогтоосон олон улсын хоригт “Русал“ болон Оросын хөнгөн цагааны үйлдвэрлэл шууд өртөөгүй.
АНУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Alcoa”, зарим үйлдвэрлэгч Оросын хөнгөн цагааны арилжааг Лондоны металлын биржээс хасахыг олон нийтэд уриалж байна. Glencore компани ирэх жил “Русал” компанийн хөнгөн цагааныг худалдаж авахаар төлөвлөснөө мэдээлжээ.