Зэсийн эрэлтийн хэт ачаалалтай үе эхэлж буйг Goldman Sachs, CRU-ийн шинжээчид анхааруулж байна. Goldman Sachs-ийн тооцоолсноор 2025 оноос дэлхийн цэвэр эрчим хүчний хэрэглээний үлэмж өсөлт нь зэсийн эрэлтэд ачаалал үүсгэж болзошгүй. Шинээр төслүүд хэрэгжихгүй тохиолдолд 2030 он гэхэд 5.9 сая тонн зэсийн хомсдол үүсэх төсөөллийг CRU-ийг гаргажээ.
Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG)-ийн мэдээлснээр 2017-2021 онд дэлхий дахинд зэсийн томоохон 2 уурхайг ашиглалтад орсон. Конго улсад Kamoa Kakula төслийг Ivanhoe Mines, Хятадын Zijing Mining хэрэгжүүлж байгаа бол Панамад First Quatum компани Cobre Panama уурхайг хөгжүүлэлтэд төвлөрч байна.
2023 онд шинээр үйлдвэрлэлээ эхлүүлэх төлөвтэй зэсийн 3 уурхай байгаа юм.
Quellaveco. Цар тахлын улмаас хойшлогдож өнгөрсөн онд Перуд нээсэн шинэ уурхай Quellaveco анхны хүдрээ баяжуулсан. Энэ жилээс тогтмол үйлдвэрлэлийн шатанд шилжүүлснээр олборлолтоо 5 хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна. Эхний 10 жилд Quellaveco-ийн зэсийн үйлдвэрлэлийг жилд 300 мянган тонн хүргэх төсөөлөлтэй. Нийт 5.5 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн 60 хувийг Anglo American, 40 хувийг Японы Mitsubishi корпораци эзэмшдэг. Энэхүү төслийн нөлөөгөөр энэ онд Anglo American-ны нийт зэс үйлдвэрлэл 840-930 мянган тоннд хүрэх хүлээлттэй байна.
Удокан. Орос хамгийн том зэсийн ордоо ашиглалт оруулж Удоканы олборлолт, экспортыг эхлүүлэхээр “Удоканская медь” компани бэлтгэж байна. БАМ-ын төмөр замаас 30 км зайд үйлдвэрлэл байршдаг бөгөөд экспортын зорилтод зах зээлээр Хятадыг тодорхойлжээ. Удоканы ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил 2019 онд эхэлсэн бөгөөд нийт 2.9 тэрбум ам.долларын өртөгтэй төсөл юм. Ордод түшиглэн жилд 36-45 сая тонн хүдэр боловсруулж, 474 мянган тонн катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэнэ. Удоканы орд нь JORC стандартаар 26.7 сая тонн цэвэр зэсийн нөөцөөр Орост нэгдүгээрт, дэлхийд олборлогдоогүй гурав дахь том зэсийн ордод тооцогддог байна.
Quebrada Blanca 2. Нэгдүгээр сард нээлтээ хийх хүлээлттэй байгаа үйлдвэр бол Чили дэх “Quebrada Blanca 2” бөгөөд Канадын Teck Resources компанийн түүхэн дэх хамгийн том төсөл аж. 2022 оны сүүлчээр Quebrada Blanca 2-ийн анхны зэсээ гаргахаар төлөвлөсөн ч бүтээн байгуулалтын ажил дуусаагүйгээс олборлолт хойшлоход хүрчээ. Нийт 4.7 тэрбум ам.долларын өртөгтэй энэ төслийн үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар жилд 316 мянган тонн байх юм. Эхний 3 жилд 170 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Quebrada Blanca уурхай нь Escondida дараа орох буюу Чилийн хоёр дахь том зэсийн үйлдвэр болно гэж Teck Resources үзэж байна. Мөн дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн тоонд багтах төсөөлөлтэй.
Хятад улс дотоод дахь КОВИД-19-ийн хөл хориотой холбоотой хязгаарлалтаа сулруулснаар тус улсын эрэлт сэргэнэ гэсэн найдлагаар 2022 оны зургаадугаар сараас хойш анх удаа зэсийн үнэ 9000 ам.доллар давлаа.
Лхагва гаригт (2023.01.11)Нью-Йоркийн Comex бирж дээр зэсийн үнэ 9174 ам.доллароор арилжаагдсан байна. Энэ оны эцсээр зэсийн үнэ 11500 ам.долларт хүрч магадгүй гэсэн таамгийг Goldman Sachs-ын шинжээч Жефф Кюрри дэвшүүлсэн.