Б.БАЯРТОГТОХ
Ашиглалтын 23, хайгуулын 24, нийт 47 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас цуцалжээ. Үүний дийлэнх нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүйгээс цуцлах үндэслэл болсон байна. Улсын хэмжээнд хайгуулын 831, ашиглалтын 1712 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгааг АМГТГ-аас мэдээллээ. Ашиглалт нь хайгуулаасаа давсан байгааг эндээс харж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл цөөн тоогоор олгогдсонтой холбоотой юм.
Өнөөдрийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 15 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулагчид, 5 хувь нь хамтарсан аж ахуйн нэгжүүд, 80 хувь нь дотоодын хөрөнгө оруулагчид байна.
Хөрөнгө оруулалтын тоо хэмжээг сүүлийн жилүүдээр авч үзвэл, 2016 онд 175 орчим тэрбум, 2017 онд 150 орчим тэрбум, 2018 онд 152 орчим тэрбум, 2019 онд 151 тэрбум, 2020 онд 130 тэрбум, 2021 онд 106 тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийгджээ.