Дэйрдрэ Лингенфэлдер: "Оюутолгой" компанийн стратегийг шинэчлэх ажил эхэлсэн

Э.МИШЭЭЛ

“Оюутолгой” ХХК-аас улирал бүр зохион байгуулдаг үйл ажиллагааны тайлангийн (2023.03.02) танилцуулга хийлээ. Тус хэвлэлийн хурлаар өнгөрсөн оны тайлан болон 2023 онд тавьсан зорилтуудыг мэдээлэв.

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер 2022 онд аюулгүй ажиллагааны өндөр үзүүлэлт, байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр ахицтай ажиллаж, Ханбогд сумыг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн “Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюутолгой сан”-г байгуулсныг онцолж байна. Мөн тэрээр “Монгол Улсын Засгийн газар болон Rio Tinto группын удирдлагууд гүний уурхайн үйл ажиллагааны эхлэлийг тавьсан. Энэ нь манай олон мянган ажиллагсад, хамт олны хүчин зүтгэлийн зэрэгцээ, хувь нийлүүлэгч талууд харилцан үр ашигтай хамтын ажиллагаагаа батжуулсан. Оюутолгой нь зөвхөн хамгийн том уурхай байхын зэрэгцээ нийгэм, олон нийт, хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг үйлдвэр болон хөгжиж, төлөвшихийг хүсэж байна” хэмээн цохон тэмдэглэсэн.
Өнгөрсөн онд Rio Tinto групп нь “Туркойз Хилл Ресурс” компанийг бүрэн эзэмших болсон билээ. Хэдийгээр олон улсын зах зээл амаргүй, инфляц, зардлууд өссөн зэрэг асуудал тулгарсан ч Оюутолгой үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөөг бүрэн дүүрэн хэрэгжүүлжээ.

2023 оны тэргүүлэх зорилтуудад:

•14 хоног хүрэхгүй хугацааны дараа гүний уурхайн олборлолт эхэлнэ.

•Компанийн стратегийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

•Гүйцэтгэх захирал, удирдлагын багийн хувьд аюулгүй ажиллагааны шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, ажилчдадаа зориулсан хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлнэ.

•Үйл ажиллагааны гүйцэтгэлийг улам төгөлдөршүүлнэ. Гүний уурхай нээгдэхдээ холбогдуулан агааржуулалтын амны бүтээн байгуулалт, туузан дамжуургын материал тээвэрлэлтийн системийн ажлыг урагшлуулна. Дэлхийд хамгийн томд тооцогдох блокчлон олборлох уурхайг Монгол Улсад барьж байгуулж байна. Санхүүгийн сахилга батыг сайжруулах, үр ашгаа нэмэгдүүлж хувьцаа эзэмшигчдэдээ ашгаа өгнө.

•Хамтран ажиллагч нийт талууддаа харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллана.

Өмнөх алдаан дээрээс үндэслэн ослоос сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Аюулгүй ажиллагааны хэлтсийн менежер М.Ариунтунгалаг “2023 онд ослоос сэргийлэх хөтөлбөрийг Оюутолгойд хэрэгжүүлнэ. Гадаргын болон гүний тоосжилтыг хэрхэн зохицуулах менежментийг сайжруулна. 

2022 онд Оюутолгой төсөлд шинээр 5000 хүн ажилд авсан. Ахлах ажилтны 40 хувь шинээр ажилд орсон. Энэ нь аюулгүй ажиллагааг өндөр эрсдэлтэй болгосон ч бид хичээж ажилласан. Өнгөрсөн онд уурхайд 30 хүн бэртэж гэмтсэн.

Эдгээр хүмүүсийн 70 хувь нь эмнэлгийн анхан шатны тусламж авсан. Өөрөөр хэлбэл анхны тусламж аваад эргээд ажилдаа орсон гэж ойлгож болно. Үлдсэн 30 хувь буюу 9 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан. Гэхдээ шаардлагатай эмчилгээ, сувилгааг хийлгээд эргээд одоо ажилдаа орсон. Мөн тухайн жил эрчүүдийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэндийн тэлэх арга хэмжээг зохион байгуулсан. Үүнд уурхайн болон Улаанбаатар хотын 800 гаруй ажилчин оролцлоо. Энэ аян цаашид үргэлжилнэ”

Rio Tinto-ийн уурхайнуудад Оюутолгойн 40 орчим ажилтан ажиллаж байна

Хөдөлмөрийн харилцаа хариуцсан менежер Ж.Эрдэнэбилэг “Компанийн нийт ажилчдын 97 хувь нь монголчууд ажиллаж байна. 2022 онд Өмнөговийн ажилтны тоог 67 хувиар нэмж, эмэгтэй ажилчдын хувь оролцоог ахиулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн дэмжиж ажилласан.

Оюутолгой, Rio Tinto группын ажилчдын дунд хийсэн “Өдөр бүр хүндэтгэе” гэсэн ялгаварлан гадуурхалтын судалгааны үр дүн таагүй гарсан. Хүндэтгэлтэй, сэтгэл зүйн аюулгүй орчныг бий болгохоор “Зогс” хөтөлбөрийн хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн жил удирдах албаны 2000 гаруй ажилтныг бүрэн хамруулсан. Энэ онд үлдсэн ажилчдыг хамруулна. Түүнчлэн олон улс дахь Rio Tinto группын уурхайнуудад Оюутолгойн 40 орчим ажилтан ажиллаж, суралцаж байна. Дотоодын 37, гадаадын 5 оюутанд тэтгэлэг олгосон”

Олон улсын жишгээс 3 дахин бага ус Оюутолгой ашиглажээ

Байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр “Өмнөговь аймаг, Ханбогд сумын байгаль орчны газар, Галбын говийн сав газрын захиргаа, Ханбогдын малчдын төлөөллөөс комисс бүрдүүлж Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтэд шалгалт хийлээ. Шалгалтын дүн 93.4 хувь гарсан нь өмнөх жилүүдээс сайжирсан үзүүлэлт юм.

2022 онд 1 тонн хүдэр боловсруулахад 0.4 шоо метр ус ашигласан. Энэ нь ижил төстэй дэлхийн бусад уурхайтай харьцуулахад 3 дахин бага. Дахин ашигласан ус 86.5 хувьтай байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Оюутолгой 100 сая мод тарихаар төлөвлөснөөс 48 мянгыг өнгөрсөн жил тарьсан.
Оюутолгой нь биологийн олон янз байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн амлалттай ганц уурхай юм.

Тус амлалт дагуу төмөр замын дагуух хашааг авах ажлыг 2022 онд хэрэгжүүллээ. Энэ нь олон улсын COP15, Хятадын байгаль хамгаалах сангаас биологийн олон янз байдлыг хамгаалах шилдэг 100 төслийн нэгээр шалгарсан. 2023 онд Оюутолгой компанийн зүгээс гүний хоолойн газрын доорх усыг дахин үнэлнэ, говийн бүсийн гадаргын усаар хангах төслийн ТЭЗҮ-г дахин нягтлахад хөрөнгө оруулна, “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн таван сумд мод үржүүлгийн ажил хийнэ, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын орхигдсон 200 га газрын нөхөн сэргээнэ, Богдхан ууланд 20 га газрыг ойжуулна"

Ханбогдын хөгжилд 5 жилийн 50 сая ам.долларын санхүүжилт зориулна
Орон нутгийн харилцааны хэлтсийн Эрх зүй, удирдлага зохицуулалтын менежер О.Цэрэннадмид “Орон нутгийн 3600 гаруй иргэдэд уурхайн өдөр тутмын үйл ажиллагаа, мэдээллийг хүргэв. Гүний уурхай эхэлж буйтай холбоотой 2040 он хүртэл Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх, талууд яаж оролцох, орон нутгийн иргэд зарлагдсан ажлын байранд орох зэрэг уулзалтуудыг хийлээ.

Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд зориулж 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан.

Тавдугаар сард нээгдсэн аймаг дахь Байгаль, түүхийн музейг барьж байгуулахад бүрэн санхүүжүүллээ. Өнгөрсөн хугацаанд 28 мянган хүн музейг үзэж сонирхсон байна. Түүнчлэн Ханбогд сумын төвд цэвэр, бохир усны шугам сүлжээ байгуулахад санхүүжүүлэв. Сумын хөгжилд зориулсан “Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюутолгой сан”-г таван жилийн хугацаанд 50 сая ам.доллароор санхүүжүүлнэ. Сангаар дамжуулж 13-14 төслийг 2023 онд хэрэгжүүлнэ. Үүнээс нэн шаардлагатай байгаа дэд бүтцийн таван төсөлд 15 сая ам.доллар төсөвлөсөн”

2010-2022 онд Монгол Улсын төсөвт 4 тэрбум ам.доллар бүрдүүлсэн

Санхүүгийн хэлтсийн тайлан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өлзийжаргал “Өнгөрсөн онд борлуулалтын орлого 106 хувийн гүйцэтгэлтэй буюу 1.4 тэрбум ам.долларт хүрсэн. Уг орлогоор үйл ажиллагааны зардал болон гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, улсын төсөвт төлдөг татвар, хураамжид зарцуулсан. Дотоодод зарцуулсан мөнгөн дүн 1.56 тэрбум ам.доллар. Үүний 78 хувь нь ханган нийлүүлэгч аж ахуйн нэгж, компаниудтай хийсэн төлбөр эзэлж байна. Тэгвэл үлдсэн 9 хувь үндсэн Монгол ажиллагсад, хувь хүнд цалин хэлбэрээр олгогдсон. Улсын төсөвт төлдөг татвар, нийгмийн даатгал, хураамж, бусад төлбөр 13 хувь буюу 207 сая ам.доллар юм.

2010-2022 онд төлсөн нийт татвар, хураамж, НӨАТ-ын дүн 4 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгт хүрсэн.

2022 оны гуравдугаар сард “Валютын ханшийг тогтворжуулах” аяны хүрээнд дотоодод оруулж байгаа валютыг 100 хувь Монголбанкаар дамжуулах хүсэлт тавьсан. Үүний дагуу Монголбанктай 1.37 тэрбум ам.долларын валют арилжаа хийсэн. Энэ жилийн зорилт бол гүний уурхай эхлэхтэй холбогдуулан санхүүгийн тайланг олон улсын стандартын дагуу хийх, зардлын хяналтыг сайжруулах төслүүд хэрэгжинэ”

2022 онд ханган нийлүүлэгч 900 компанитай хамтран ажилласан

Худалдан авалтын бодлого, стратеги хариуцсан менежер Г.Батбаатар “2010-2022 онд Оюутолгой уурхайд зарцуулсан 15 тэрбум ам.доллароос 11.2 тэрбумыг дотоодын аж нэгжид зарцуулсан.

Өнгөрсөн онд 900 гаруй ханган нийлүүлэгч компанитай ажилласнаас 600 нь үндэсний компаниуд байна. Ханган нийлүүлэгч компаниудаас нийт 5 орчим тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн.

Өмнөговь аймагтай холбоотой ханган нийлүүлэлтийн худалдан авалт 2010 онд 0.5 сая ам.доллар байсан бол уурхай ашиглаж эхэлсэн нийт хугацаанд 261 сая ам.доллар хүрч нэмэгдсэн”

Оны эхний улиралд 1 орчим тонн алт үйлдвэрлэсэн

Оюутолгойн хүдрийн хаягдал хадгалах байгууламжийн болон гидрогеологийн менежер Б.Түвшинбаяр “Голлох үйлдвэрийн бүтээгдэхүүн баяжмал 615 мянган тонн байв.

Баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 105 мянган тонн, алт 4.7 тонн үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөтэй харьцуулбал 27.4 хувиар өссөн.

Энэ он гарсаар 1 орчим тонн алт үйлдвэрлээд байна. 2023 оны онцлох төслүүд бол хаягдал хадгалах II байгууламжийн ажил дуусна, баяжуулах үйлдвэрийн шинэчлэх ажил хийгдэнэ”
2023 онд Баяжуулах үйлдвэрийн тохируулах ажлыг 50% гүйцэтгэнэ

Гүний уурхайн тайлан хариуцсан мэргэжилтэн Ө.Цэнгүүн “Агаар нэвтрүүлэх зориулалттай Босоо ам-3-ын нэвтрэлт 375 метр буюу 33 хувийн гүйцэтгэлтэй өнгөрсөн оныг өндөрлөсөн. Агаар гадагшлуулах үүрэгтэй Босоо ам-4-ийн нэвтрэлт 45 хувийн гүйцэтгэлтэй дууссан. Энэ жил хоёр амны нэвтрэлтийн ажлын ихэнх хувийг дуусгахаар ажиллаж байна. Материал зөөвөрлөх системийн эхний шат 2022 оны нэгдүгээр улиралд дууссан.

Хоёр дахь шатны буюу налуу амны туузан дамжуургаар тээвэрлэх системийн ихэнх хувийг 2023 онд дуусгах зорилттой.

Баяжуулах үйлдвэрийн тохируулах ажлын суурь болон бэлтгэл ажлууд өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн. 2023 оны сүүлч гэхэд тохируулгын 50 хувийг гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна”