ariun@mininginsight.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 27-28-нд БНХАУ-д, арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 2-нд Япон Улсад айлчилсан билээ. БНХАУ-д хийсэн айлчлалаар иж бүрэн стратегийн түншлэлээ бататгаж, 16 баримт бичигт гарын үсэг зурж, айлчлалын үр дүнгээр 19 заалт бүхий Хамтарсан мэдэгдэл гаргасан бол Япон Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч 12 жилийн дараа төрийн айлчлал хийж, 50 жилийн түүхтэй хоёр улсын дипломат харилцааг дараагийн 50 жил хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлов. Стратегийн түншлэлийг түвшин ахиулан, энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх “Тусгай стратегийн түншлэл” зарлаж, ирэх 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг хөгжүүлэхээр Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
ХЯТАД: 3 ДУГААР САРД ХАНГИМАНДАЛЫН БООМТЫГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОНО
Айлчлал цаг хугацааны хувьд ихээхэн онцгой үед тохиов. Цар тахал гарснаас хоёр жилийн дараа, Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал өндөрлөж, Улс төрийн товчооны Байнгын хороо, Намын Төв хорооны бүрэлдэхүүн солигдсон үед тус улсын ирэх таван жил болон цаашдын хөгжилд асар их нөлөө үзүүлэх шинэ бүрэлдэхүүнтэй уулзав. ХХ их хурлаар Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноор ХКН-ыг удирдах гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа илүү батажсан эрх мэдэлтэйгээр эхлүүлээд байгаа үе юм. Сүүлийн хоёр сар хагаст хоёр улсын тэргүүн хоёр дахь удаагаа уулзаж буй бөгөөд үүний өмнө ШХАБын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXII хуралдаан Самаркандад болох үеэр албан ёсоор уулзсан билээ. Манай улсын хувьд гадаад худалдааны гол түнш бол Хятад улс. Найман жилээр төлөвлөдөг Дунд хугацааны эдийн засаг, гадаад худалдааны стратегийн бүрэн түншлэлийн бичиг баримтыг айлчлалын үеэр шинэчилсэн. 2014 онд Ши Жиньпин манай улсад айлчлахад дээрх хөтөлбөрийг баталж, 2 талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцож байв. Үр дүн нь 2021 онд гарч, худалдааны эргэлт 10.1 тэрбум ам.доллар хүрчээ. Үүнийг ирэх жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт айлчлалаар тавигдлаа. Хоёр улсын хамгийн том хэмжээний худалдаа нь уул уурхайн бүтээгдэхүүн. Тэр дундаа нүүрс тул онцгойлон, урт хугацаанд тогтвортой экспортлох, жилд гаргах нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэх саналыг Монголын талаас тавьсныг Хятадын тал дэмжсэн хэмээн айлчлалын үр дүнгээр гаргасан Хамтарсан мэдэгдэлд дурджээ. Манай улсын төр, засгийн тэргүүнүүд өмнөд хөршид айлчлах бүртээ нүүрсний экспортыг нэмэгдүүлэх хүсэлт тавьдаг, тэр бүрт тодорхой тоо хэмжээнүүд яригдсаар ирсэн ч бодитоор ажил хэрэг болсон нь ховор. Энэ удаад нүүрсний нийлүүлэлтийг жилд 40-70 сая.тн болгох манай санал урьд өмнөхөөс юугаараа өөр байх вэ? Тэгвэл “Дэмжсэн” гэдэг агуулгын цаана Хятадын тал гаргаж чадах хэмжээгээр чинь авъя гэсэн асуудал яригдсан байна. Гэхдээ Монголын нүүрсний экспортын боломжийг хятадууд тийм ч өндөр гэж харахгүй байгаа бололтой. Олборлолтоос гадна тээвэр, логистик, боомтын нэвтрэлт бүгдийг хамарсан экспортын хүчин чадлыг харьцангуй хязгаарлагдмал гэсэн болгоомжлол худалдан авагч талд буйг нуугаагүй байна. Иймд манай талаас нүүрсний нийлүүлэлтийг хязгаарлаж ирсэн дотоод чанартай хүчин зүйлсээ шийдэх чиглэлд хурдтай ажиллаваас худалдан авагч тал гаргасны хэрээр нь авах амлалт өгчихөөд байна. Нэг ёсондоо Монголын талаас экспортын хүчин чадлаа нэмж чадах эсэхээс нөхцөл байдал шалтгаална. Гэхдээ хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээ амжилттай болсон эсэхийг өнөөдөр шууд дүгнэхэд эрт юм. Уулзалтын үр дүн дараа жилээс илүү бодитоор харагдана. Нөгөө талаар Хятадын эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэл, хэрэгцээнээс нь ихээхэн хамааралтай манай нүүрсний экспортод бас нэг хамаарал нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх хүчин чармайлт. Хятадын КН-ын XX их хурлаас гарсан нэг томоохон шийдвэр нь 2035-2050 оны хооронд түүхий нүүрс шатааж эрчим хүч гаргахаас шат дараатай татгалзахаа зарласан явдал. Үүгээр Монголын нүүрсний боломжит цаг хугацаа хязгаарлагдаж байгаа бөгөөд ердөө арав гаруйхан жилээр хэмжигдэн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өмнөд хөршид хийсэн төрийн айлчлалаас өөр нэг чухал үр дүн хүлээсэн нь Монголын талаас холболт хийхэд бэлэн болсон экспортын төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэх тохиролцоо. Хамтарсан мэдэгдэлд үүнийг баталгаажуулан, “Талууд харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ” гэж зарлалаа. Уулзалтын дараагаар хоёр улсын төмөр замын хэлэлцээрийн хүрээнд Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбох асуудал тун урагштай, илүү нарийн детал ажлууд руугаа шилжээд байгааг айлчлалын бодит үр дүн гэж гэж хэлж болох юм. Уг боомт дээр 2023 оны 3 дугаар сард багтан хоёр улсын төмөр замыг хилээр холбох ажил хийгдэх төлөвтэй байна. Тодруулбал, 12 дугаар сарын дундаас хойш хоёр улсын холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа ихээхэн эрчимжээд байна. Төв Засгийн газраасаа чиг үүрэг авсан Бугат, Хөх хотын захиргаанаас Монголын холбогдох байгууллагуудтай цахимаар тогтмол хуралдаж байгаа бөгөөд Ханги-Зүүнбаян чиглэлийн төмөр замын координат, өндөржилт, хилийн замын зураг зэрэг төмөр замыг хилээр холбоход шаардлагатай бүхий л мэдээллийг авчээ. Одоо хилээр төмөр замуудыг холбох ажлын зургийг хийж байна. Хятадын тал Мандал боомтоос 9.5 км-ийн цаана тулж ирсэн 20 сая тоннын хүчин чадалтай төмөр замыг боомттой холбох ажлыг сарын хугацаанд барих боломжтой гэсэн, удахгүй эхлэх хүлээлттэй байна. Монголын талаас төмөр замын концесс хэрэгжүүлэгчид нарийнаас өргөн цариг руу шилжүүлэх терминалын бүтээн байгуулалтыг цаг дулаарахаар хавраас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа базааж байна. Харин өргөнөөс нарийн цариг руу шилжүүлэх боломж хэдийнэ бэлтгэгдчихээд байгаа. Төлөвлөсний дагуу явбал хилийн төмөр зам ирэх жилийн дундуур нээгдэж, Хангиар төмөр замын экспорт жинхэнэ утгаараа эхлэх боломжтой болно. Дашрамд сонирхуулахад Зүүнбаян-Хангийн төмөр замын туршилтын тээвэр нэгдүгээр сарын дундаас эхэлнэ. Чингэлэгтэй нүүрсийг Ханги өртөөн дээр авто тээвэр рүү шилжүүлж автын богинын рейсээр хилээр нэвтрүүлэх ба Ухаахудагийн нүүрс ийнхүү төмөр зам дээр гарах юм. Ханги-Мандал нь авто замын олон улсын статустай боомт. Ерөнхийлөгчийн айлчлалаар уг боомтыг авто болон төмөр замын олон улсын боомт болгох санал тавьсныг Ши Жиньпин судлаад шийдэх үүргийг хоёр улсын төрийн тэргүүний уулзалтад байлцсан Хятадын Гадаад хэргийн сайд Ван И болон Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нарт үүрэг болгожээ. Өдгөө боомтын зэрэглэлийг ахиулах асуудал хоёр улсын Гадаад хэргийн яамны түвшинд яригдаж байна. Харин Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг хилээр холбоход багагүй асуудлууд бийн улмаас тодорхой цаг хугацаа шаардагдах нь байна. Гэхдээ нэгэнт төмөр зам татаад ирчихсэн тул зөрчихсөн ч гэсэн холболтыг шийдье гэдэг байр суурь дээр хоёр тал санал нэгдсэн нь нааштай алхам юм. Төмөр замуудыг хилээр холбох 20 км газрын зураг төслийг Хятадын зураг төслийн 3 дугаар товчоо хийсэн. Одоо энэ зургийн дагуу Монголын талаас санхүүжилтээ гаргаад гүүрэн байгууламжийг барих ажил хийгдэнэ. Монголын гадаад худалдаа, экспортод гүнзгий ач холбогдол бүхий нүүрсний логистик ийнхүү төмөр замаар шийдэгдэх ажил эрчимжиж байгаа нь экспортыг хөнгөвчлөх төдийгүй хоёр талын байгуулсан нүүрсний урт хугацааны гэрээг ажил хэрэг болгох үндэс юм.
ЯПОН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭМЖСЭН УСТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР
Айлчлалын хүрээнд Токио хотноо болсон Монгол Японы Төр, хувийн хэвшлийн X зөвлөлдөх уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон. “Манай орны ашигт малтмалын баялаг нөөцийг Японы дэвшилтэт техник технологитой хослуулан устөрөгчийн үйлдвэр ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төслийг хоёр улсын хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Монголын тал бүх талаар дэмжинэ. Энэхүү төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр ногоон эрчим хүч болон химийн үйлдвэрлэлийн салбарт хоёр орны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн нь айлчлалын протоколд тэмдэглэгджээ. 10 дугаар зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын бизнес эрхлэгчид Японы компаниудтай 6 томоохон гэрээнд гарын үсэг зурсны нэг нь дээрх устөрөгчийн үйлдвэрийн төсөл юм. Төслийн хүрээнд нүүрс-химийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх чиглэлээр томоохон судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхлүүлэхээр талууд тохиролцоод байна. Бизнес уулзалт дээр “Монголын Алт” ХХК-ийн төслийн багийн гишүүн Х.Базарханд “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийг танилцуулжээ. Нүүрснээс устөрөгч болон бусад дагалдах бүтээгдэхүүн гаргаж авах хамтарсан судалгааг хоёр улсын хувийн хэвшлийн байгууллагууд хийх бөгөөд ТЭЗҮ-ийн өмнөх судалгаандаа хэдийнэ ороод байна. Монгол Япон улсын хувьд нүүрсийг хийжүүлж, нүүрс химийн үйлдвэр байгуулах судалгааны ажил хийхийг зорьсон нь анх удаагийнх биш. 2016 онд хоёр улсын Засгийн газар хооронд нүүрсний технологийн хамтарсан судалгаа хийх, Монголд судалгааны төв байгуулахаар Санамж бичиг байгуулж байв. Санамж бичгийн хүрээнд хамтарсан судалгааны баг ажиллуулахаар Уул уурхайн яам дээр Ажлын хэсэг байгуулагдсан юм. Харамсалтай нь хэдхэн сарын дараа Японоос судалгаа хийх мэргэжилтнүүд Монголд иртэл Засгийн газар солигдсонтой холбоотойгоор Монголын талаас Ажлын хэсгийг хариуцах, мэдэх хүнгүй болж, хамтрагчаа гайхашруулсан удаатай. Ийнхүү эрчимтэй эхэлсэн ажил судалгаа руугаа ч орж амжилгүй сарниж орхисон билээ. Тэгвэл энэ удаа нүүрс хийжүүлэх, нүүрс химийн үйлдвэрлэл хөгжүүлэх төслийн санаачилгыг Ерөнхийлөгч гартаа аваад байна. Япон улсад хийх төрийн айлчлалаас өмнө орхигдсон хамтын ажиллагаа, хаягдсан зорилгыг шинэ нөхцөл, цаг үед шинэ агуулгаар баяжуулан, нүүрсийг хийжүүлэн устөрөгчийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн тамгын газраас байгуулсан юм. Ажлын хэсгийг МАК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир ахалж байгаа. Түүнийг энэхүү төсөл дээр Монгол Улсын тусгай үүрэгт Элчин сайдын онцгой эрх, үүрэгтэйгээр томилон ажиллуулж байна. Ажлын хэсэгт ГХЯ, УУХҮЯ, Эдийн засаг хөгжлийн яамны төлөөллүүд багтсан ба Япон Улсад Монгол Улсаа төлөөлөн Элчин сайдаар сууж асан Д.Батжаргал, С.Хүрэлбаатар нар зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Өмнөх Ажлын хэсгийн бүтэлгүй жишээг энд дурдсаны учир нь ийм түүх дахин бүү давтагдаасай гэснийх юм. Ямар ч байсан энэ нь Ерөнхийлөгчийн дэмжсэн, хамгийн их сонирхсон төсөл. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар зангидаж байгаа нь, төслийг нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх чиглэлд арваад жил судалгааны ажил хийж ирсэн МАКийн Б.Нямтайшир хариуцсан нь ихээхэн найдлага төрүүлж байна. Гол нь улс төр хийж, үймүүлж бужигнуулахгүй байвал хувийн хэвшлийнхэн ажлаа түвэггүй хийчих биз ээ. Нөгөө талаар манай улсын хувьд их хэмжээний хүрэн нүүрсний нөөцөө хийжүүлж ашиглах, шингэн түлш үйлдвэрлэх асуудал цөөнгүй жил яригдаж байна. Ялангуяа Тавантолгой, Шивээ-Овоогийн нүүрсний орд дээр төрөл бүрийн хувилбарууд дэвшүүлсээр ирсэн. Тэр тусмаа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд коксжих нүүрстэй хамт олборлогддог их хэмжээний эрчим хүчний нүүрс борлуулалтгүй овоологдсоор байгаа. Цаашид улам нэмэгдэнэ. Үүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зайлшгүй шийдэх ёстой тулгамдсан асуудлын нэг юм. Энэ санаа анх “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2018 оны УИХ-ын тогтоолд туссан бөгөөд “Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц болон нүүрс химийн үйлдвэрийг Тавантолгойн ордыг түшиглэн барих талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэсэн заалт бий. Уг санааг хөгжүүлсээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны А6/20 бизнес төлөвлөгөөнд нүүрс химийн туршилтын үйлдвэр байгуулахаар төлөвлөгдсөн. Тодруулбал “Нүүрс хийжүүлэх, загвар бүтээгдэхүүн гарган авах, ирээдүйд төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, боловсон хүчнийг бэлтгэх зорилготой үзүүлэх үйлдвэр (demo plant), судалгаа хөгжлийн төвийг байгуулах” гэсэн тов тодорхой зорилго үлдсэн 3 жилд биеллээ олохыг хүлээж байгаа юм. Эрдэнэс Тавантолгойн туршилтын үйлдвэрийн төслийг есдүгээр сард зохиогдсон “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээн дээр анх танилцуулсан. Нүүрс химийн туршилтын үйлдвэр нь полипропилен хуванцар ба бага хэмжээний бензин үйлдвэрлэх аж. Үйлдвэрлэлийн явцад хийжүүлсэн нүүрсээ цэвэрлээд, багахан хэмжээний устөрөгчийг судалгааны зорилгоор ялгаж авах боломжтойг судалгааны баг танилцуулж байв. Үүнийг дурдсаны учир нь “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төсөл”- ийн нэг хувилбар нь Тавантолгойн ордыг түшиглэх боломжтойнх юм. Ирээдүйн түлш гэгдэж буй устөрөгчийн судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлээр Япон Улс сүүлийн жилүүдэд тэргүүлэх байр суурьтай байна. Ялангуяа тус улсын “Kawasaki Heavy Industries” компани хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах туршилтын төсөл хэрэгжүүлж, 2018 онд 100 хувь устөрөгчөөр ажилладаг жижиг оврын цахилгаан станцыг дэлхийд анх удаа байгуулж, амжилттай туршиж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд тус компанийн туршилтын төсөл, устөрөгчийн жижиг оврын цахилгаан станцтай танилцсан ба үүний өмнө Япон улсад айлчлахдаа хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах технологи нэвтрүүлэхэд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт татах, нүүрсний орд газруудыг түшиглэн устөрөгчийн цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтран ажиллах талаар санал тавьж байв. Нүүрс-химийн аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж, хүрэн нүүрснээс устөрөгчийн эрчим хүч гаргаж авах, ерөөс нүүрсийг хувиргаж бүтээгдэхүүн болгох чиглэлд хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодитой үндэс тавигдсаныг Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд баталгаажуулсан нь төслийг улам чухал болгох дохио юм.