Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцүүлгүүд заримдаа ашигт малтмалын гол үүргийг умартдаг. Дэлхийн нөөцийн форумын (World Resources Forum) Гүйцэтгэх захирал Маттиас Шлуп "Эрдэс баялаг, металл бол эрчим хүч, барилга байгууламж, хөдөлгөөнт төхөөрөмж, электроник зэрэг томоохон салбарын үндэс юм. Хэрэв улс орнуудын Засгийн газар, салбарын тэргүүлэгчид ашигт малтмалын нөөцийг урт хугацаанд, тогтвортой ашиглах боломж нөхцөлийг эрэлхийлэхгүй бол дэлхий дахинаа ногоон шилжилт хийж чадахгүй. Энэ асуудал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чухал ач холбогдолтой тул илүү их анхаарал хандуулах ёстой" хэмээн мэдэгджээ.
Дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн автомашинаас 6 дахин их металл, гол төлөв зэс, бал чулуу, кобальт, никель зэрэг металл цахилгаан машинд шаардагддаг. Салхины дундаж хэмжээтэй 1 сэнсэнд 67 тонн зэс ордог. Ийм хэмжээний зэс олборлохын тулд уурхайчид бараг 50 мянган тонн шороо, чулуу зөөх бөгөөд энэ нь Эйфелийн цамхгаас 5 дахин их жинтэй гэсэн үг. Ашигт малтмал, металлын өсөн нэмэгдэх эрэлтийг хангахын тулд олон улсын компаниуд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа энэ үед уул уурхайн төслүүдийн тогтвортой байдал улам бүр анхаарлын төвд орж байна.
Цөөн орнуудад ашигт малтмал, металлын ихээхэн нөөц төвлөрч, компаниуд Андын нуруу, Арктик зэрэг илүү алслагдсан бүс нутагт шинэ ордын хайгуул хийснээр байгаль орчин, нийгмийн асуудлууд үүсгэдэг. Нөөцийг зүй бусаар олборлох, ашиглах нь хүн төрөлхтөнд, цаашлаад манай гаригт хортой нөлөө үзүүлж, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, хүрээлэн буй орчны бохирдолд хүргэсээр байгаа. Одоогийн байдлаар ашигт малтмал, металлын олборлолт, боловсруулалт нь биологийн олон янз байдлын алдагдлын 90 хувь, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 50 хувь, агаарын бохирдлын нөлөөллийн 30 хувьд нөлөөлж байна. Дэлхий даяар эрчим хүчний шилжилт, дэд бүтцийн өсөлт нь байгаль орчны асуудлыг улам хурцатгах эрсдэлтэй. Энэ асуудлыг 2022 оны гуравдугаар сард Найроби хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны V ассамблейн чуулганаар хэлэлцэж, эрдэс баялаг, металлын олборлох, боловсруулах, ашиглах үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны тухай тогтоол баталсан юм. Уг тогтоолыг Швейцар, Аргентин, Конго, Гана, Сенегал зэрэг улстай хамтран санаачилжээ. Тухайн орнууд ашигт малтмал, металлын олборлолтоос эхлээд ашиглаж дуусах хүртэл байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих арга хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн.
Энэ оны 4-7 дугаар сард НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь Африк, Ази, Номхон далайн бүс нутаг, Европ, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд болон бусад улстай Засгийн газар хоорондын бүс нутгийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм. Ашигт малтмал, металлын өртгийн сүлжээ нь дэлхий нийтийн шинж чанартай. Өөрөөр хэлбэл нөөц олборлогчдоос эхлээд тухайн ашигт малтмалыг худалдаалдаг, хэрэглэдэг бүх оролцогч талууд асуудал, хариуцлагыг хуваалцдаг гэсэн үг. Өдгөө 81 орны эдийн засагт байгалийн баялгийн олборлолт зонхилох үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр улс дэлхийн ДНБ-ий ¼, дэлхийн хүн амын тал хувийг бүрдүүлдэг ч тухайн хүмүүсийн бараг 70 хувь ядуу амьдарч байна. Иймд металл, эрдэс баялгийн нийлүүлэлт нь уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох хүчин чармайлт төдийгүй тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой.
Дэлхийн ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой шийдлийг олохын тулд төрхувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаа зэргээр олон улсын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байх шаардлагатай. Өнөөгийн геополитикийн хүнд нөхцөлд улам ч чухлаар тавигдаж байна. Ашигт малтмал, металлын нөөцийг илүү хэмнэлттэй, хүртээмжтэйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тулд олон түвшний хамтын ажиллагаа нэн хэрэгтэй юм.