Rio Tinto, Codelco Чилид зэсийн хайгуулын хамтарсан компани байгуулав

Э.ОД

Rio Tinto групп Чилийн төрийн өмчит зэсийн үйлдвэрлэгч Codelco-той хамтран тус улсын Атакама мужид зэсийн хайгуул хийх, төслийг хөгжүүлэх Nuevo Cobre компани (2023.11.08)байгуулжээ. Энэхүү хамтарсан компанийг байгуулах гэрээг Токио хотноо Rio Tinto группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Codelco-ийн ТУЗ-ийн дарга Максимо Пачеко нар үзэглэсэн байна.
Түүнчлэн, Атакама муж дахь Jeronimo төслийг эзэмшдэг Pan American Silver компанийн Agua de la Falda (DLF)-ийн хувийг худалдан авах хэлэлцээр амжилттай өндөрлөснийг Rio Tinto зарлав. DLF-ийн 42.26 хувь Codelco-ийн мэдэлд байдаг бол үлдсэн 57.74 хувийг Rio Tinto эзэмшсэнээр тус хоёрын хамтарсан Nuevo Cobre компани геологи хайгуулын ажил явуулах боломж бүрдээд байна.

Rio Tinto-ийн өмнөх судалгаагаар, DLF-ийн талбайд зэсийн шинэ нээлт гарч магадгүй тул үүнд хамтарсан компани голлон төвлөрөх аж. Тус группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Чили улс нь дэлхийн эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж, цэвэр тэг болгоход шаардлагатай зэс болон бусад чухал ашигт малтмалын хамгийн чухал эх үүсвэрүүдийн нэг. Бид энэхүү хамтын ажиллагаагаар Codelco-ийн баялаг туршлага болоод орон нутгийн мэдлэгийг нь дэлхийн хайгуулын туршлагатай хослуулах болно" гэжээ.

Энэ түншлэл нь далд уурхайн аюулгүй байдал, бүтээмж, байгаль орчин, нийгэм, засаглалын үр дүнг сайжруулахад чиглэсэн инновац, технологийг дэмжих зорилготойгоор 2022 онд хоёр компани байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд суурилж байна. Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч Codelco болон Rio Tinto групп гүний уурхайн зураг төсөл, бүтээн байгуулалт, ашиглалтад хуримтлуулсан туршлагад чиглэсэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг (2022.10.13)зурсан. Тухайн үед Codelco-ийн Инновацын менежер Фелипе Лагно “Газрын гадаргад ойрхон ашиглаж буй ордуудын хүдрийн агуулга буурч буй бөгөөд илүү гүнд ажиллах боломжийг олгох технологийн дэвшил нь ирээдүйд уул уурхайн олборлолт үндсэндээ далд аргаар явагдах болно гэдгийг харуулж байна. Түүнчлэн, гүний уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл багассан ба байгалийн таталцлын хүчийг ашиглан блокчлон олборлох боломжтой болсон” хэмээн ярьсан байдаг.

Энэ аргыг Chuquicamata, El Teniente төслийн уурхайд хэрэгжүүлж асар их, үнэ цэнтэй туршлагыг Codelco хуримтлуулсан юм. Rio Tinto-ийн хувьд Монгол Улсад Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолтыг эхлүүлээд байгаа билээ.