Цахилгаан машины батарей болон дэвшилтэт электроникийн үйлдвэрлэлд ашиглагддаг гол металлын нийлүүлэлтийг баталгаажуулах зорилтоор 2027 он гэхэд Exxon Mobil компани лити олборлож эхлэх төлөвлөгөөтэйг (2023.11.13) мэдэгджээ. АНУ, Европын Засгийн газрууд цахилгаан тээврийг нэмэгдүүлэх, чулуужсан түлшний хэрэглээг бууруулах хөтөлбөр боловсруулж буй энэ цаг үед газрын тосны томоохон үйлдвэрлэгч Exxon Mobil нь цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаар зорьж байна.
Литийн том орд газруудаар алдартай Арканзас мужийн бүс нутагт лити олборлолт явуулна гэдгээ тус компани мэдээлэлдээ дурджээ. "Литийн урт хугацааны төлөв нь өргөн боломжийн нээж буй. АНУ-ын дотоодын чухал металлын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байгаа тул манай компани литийгээс эхэлж байна” хэмээн Exxon Mobil компанийн нүүрстөрөгч бага ялгаруулдаг бизнесийн нэгжийн Ерөнхийлөгч Дан Амманн мэдэгджээ.
Exxon нь жил бүр 1 сая гаруй цахилгаан машинд шаардлагатай лити нийлүүлэх, улмаар 2030 он гэхэд тус металлын тэргүүлэгч нийлүүлэгч болох төлөвлөгөөтэй байна. Энэ зорилгод хүрэхийн тулд 50 мянган тонн лити нийлүүлэх, ингэхдээ ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэдгийг санхүүгийн үйлчилгээний TD Cowen фирмийн шинжээчид тооцоолжээ.
АНУ-ын газрын тосны хамгийн том үйлдвэрлэгчийн хувьд литийн олборлолтын үйл ажиллагаа эрхлэхэд хэр хэмжээний хөрөнгө оруулах талаар тодорхой мэдээлээгүй ч газрын тос, байгалийн хийн өрөмдлөгийн уламжлалт аргыг ашиглан газрын 10 мянган фут гүнд лити олборлох DLE технологийг ашиглах аж. Мөн өөрийн түнш Tetra Technologies-тэй хамтран литийн үйлдвэрлэл явуулах бөгөөд Mobil Lithium брэндийн дор бүтээгдэхүүнээ борлуулна. Exxon нь дийлэнх хувийг эзэмшдэг Канад дахь Imperial Oil компани тус улсын Альберта мужид литийн туршилтын төсөлд хөрөнгө оруулаад байна.
1970-аад онд лити-ион батарейг зохион бүтээсэн ч энэ технологиос холдсон Exxon компани цахилгаан машин цэнэглэх станцад хөрөнгө оруулах төлөвлөгөө байхгүйг Дан Амманн мэдэгджээ. Харин Европын нефтийн өрсөлдөгчид болох BP, Shell компаниуд ч эрчим хүчний шилжилтийн стратегийн нэг хэсэг болгон цахилгаан машин цэнэглэх станцуудад хөрөнгө оруулсан юм.
Өнөөгийн байдлаар АНУ-д 280 сая орчим автомашинаас 3 сая хүрэхгүй нь цахилгаан хөдөлгүүртэй буюу нийт автомашины 1 орчим хувийг эзэлж буй. Үлдсэн 99 хувьд маш том боломж байгаа гэж Exxon компани үзэж байна.