Д.Эрдэнэчимэг: Зөөгдмөл цирконд агуулагдах ховор элементийн агуулгыг тооцоолсноор тунамал чулуулгийн эх үүсвэрийг нарийвчлан тогтоосон

Э.МИШЭЭЛ

Монгол Улсын ууган геологич, Геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “Залуу судлаач-2023” эрдэм шинжилгээний Бага хурал (2023.11.17) боллоо. Энэ удаагийн хурлыг ШУА-ийн Геологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, "Велсмон" ХХК, Дүгэрсүрэн сан зохион байгуулсан байна. 

Хурлыг нээж ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Одгэрэл,“Велсмон” ХХК-ний ахлах геологич, доктор Т.Хасмарал, Дүгэрсүрэн сангийн удирдах зөвлөлийн гишүүн Т.Сайнзаяа нар үг хэллээ. Хурлын шүүгчээр ШУТИС-ийн Технологийн эрдэс судлал, инновацын төвийн захирал, доктор, профессор С.Жаргалан, ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭША, доктор Б.Ганбат, МУИС, ШУС-ГГТ-ийн доктор Л.Оюунжаргал нар уригдан ажиллажээ.

“Залуу судлаач-2023” хурлын зорилго нь геологийн салбарт ажиллаж буй залгамж үе, чадварлаг залуу эрдэмтийг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхүүлэн дэмжиж санал бодлыг солилцох, хамтын ажиллагааны чиглэлийг шинэ шатанд гаргахад оршиж байна. Энэ удаагийн хуралд 15 илтгэл хэлэлцэгдэж, илтгэгчдийн мэдлэг ур чадвар, судалгааны ажлын үр дүнгээр ангилан байр эзлүүлжээ. 

Магистрант, Бакалавр болон бакалаврын оюутны ангилалд:

1-р байрыг МУИС, ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн танхимын оюутанП.Мөнгөнтулга “Монгол орны зарим ордуудын хүдрийн эрдсүүд: Алтжилтыг талстын энгийн дүрстэй холбох нь” сэдэв

2-р байрыг ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан М.Бадамханд “Говь-Алтай, Шартээг орчмын геологийн тогтоц, остракодын судалгаа” сэдэв

3-р байрыг МУИС, ШУС-ийн магистрант Э.Учрал “Хэрлэн голын сав газрын усны чанарын судалгаа” сэдэв

Докторант, магистрын ангилалд:

1-р байрыг ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭША, докторант Д.Эрдэнэчимэг “Цүүгэлийн ам орчмын дээд палеозойн тунамал чулуулгийн хурдас хуримтлалын эх үүсвэр (Хархорины бүс)” сэдэв

2-р байрыг ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭША, магистр Г.Оргил “Хулж-Ерөөгийн бүсийн Шарын голын дүүрэгт тархалттай гранитоид чулуулгийн геохимийн судалгаа” сэдэв

3-р байрыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн ЭША, магистр Д.Отгонсүрэн “Ноён сумын формацын триасын ургамлын судалгаа” сэдвээр тус тус шалгарлаа.


Зургийн тайлбар: Шилдэг илтгэгч нар, МУИС-ийн Номын сан (2023.11.17)

Бага хуралд илтэгчээр оролцсон зарим судлаачаас сэдвийнх нь талаар тодрууллаа. Докторант, магистрын ангилалд 1-р байр эзэлсэн ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭША, докторант Д.Эрдэнэчимэг:

“Уг судалгааны ажлын зорилго нь Хархорины бүсэд тархалттай Цүүгэл формацын тунамал чулуулгийн хурдас хуримтлалын нас, эх үүсвэрийг тодруулах юм. Цүүгэл формацын тунамал зузаалгийг анх 1:50000-ны ГЗЕЭА-аар ялгаж, насыг нь харьцуулах аргаар буюу амьтан, ургамлын үлдвэрээр дээд девоны насанд хамааруулан зурагласан байдаг. Иймд бид хурдас хуримтлалын насыг нарийвчлан тодруулахаар орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан хийгддэг U-Pb-ны аргаар геохронологийн шинжилгээг Цүүгэл формацын элсэн чулууны зөөгдмөл цирконд хийлгэсэн ба үр дүн нь Цүүгэл формацын хурдас хуримтлал доод-дээд карбоны цаг үеэс хойш хуримтлагдсан болохыг тодорхойлсон.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд олон улсад нэлээдгүй хийгдэж буй циркон геохими буюу зөөгдмөл цирконд агуулагдах ховор элементийн агуулгыг тооцоолсноор тунамал чулуулгийн эх үүсвэрийг нарийвчлан тогтоосон. Уг формацын тунамал чулуулгийн хурдас хуримтлалд гранитоид чулуулаг эх үүсвэр болж байгааг тодруулсан нь бусад судалгааны ажлуудаас шинэлэг бас дэвшилттэй байсан гэж бодож байна.”

Мөн МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхимийн оюутан "Дэлгэрхаан уул орчмын геологийн тогтоц ба археологийн олдворуудын судалгаанаас" илтгэгч М.Мягмархорол:

“Дэлгэрхаан уул нь Сүхбаатарын аймгийн Түвшинширээ, Мөнххаан уул сумын заагт оршдог. Дэлгэрхаан уул орчмын геологийн тогтцыг судалснаар хаанаас чулуун зэвсгийн материалыг олборлодог байсан бэ гэдгийг нарийн гаргахын зорьсон. Энэхүү судалгааг хийсэн учир нь бол Дэлгэрхаан ууланд археологийн судалгаа их хийгдсэн хэдий ч геологийн талаас нь хомс байсан учраас сонгосон. Тэр тусмаа эртний амьдарч байсан зэргийг таамаглал дэвшүүлэх биш, амьдарч байсан, чулуун зэвсгийг үйлдвэрлэдэг байсан гэдгийг илүү баттай болгохын зорьсон.” гэсэн юм.

Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “Залуу судлаач-2023” эрдэм шинжилгээний Бага хуралд ШУА-ийн Геологийн хүрээлэн, МУИС-ийн ШУС, ШУТИС-ийн ГУУС, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, “Жи Өү Эйч” ХХК, “Тэлмэн Ресурс” ХХК зэрэг байгууллагуудаас залуу судлаачид, геологичид, докторант, магистрант, бакалаврын оюутнууд оролцсон байна.


Хурлын үеэрх зургаас, МУИС-ийн Номын сан (2023.11.17)