MMG групп зэсийн Khoemacau уурхайг эзэмшинэ

Э.ОД

Хятадын уул уурхайн MMG групп Ботсвана дахь зэсийн Khoemacau уурхайн толгой компани Канадын Cuprous Capital-ийг 1.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохиролцжээ. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараагаар MMG группийн хувьцааны ханш 7.5 хувиар өсөж сүүлийн 8 долоо хоногийн дээд үзүүлэлтэд хүрсэн байна.

Калахари зэсийн бүсэд оршдог Khoemacau нь Африкийн бүс нутаг дахь зэсийн томоохон ордын нэгд тооцогддог байна. Тус уурхайгаас жилд 60 мянган тонн зэс, 2 сая унц мөнгө олборлож буй. Жилийн олборлолтыг 130 мянган тонн зэс, 5 сая унц мөнгө хүргэж нэмэгдүүлэхэд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай аж. 

Ногоон эрчим хүчний шилжилтээр зэсийн эрэлт нэмэгдэж буй энэ үед тухайн металлын төсөл эзэмшихээр MMG сүүлийн нэг жил эрэлхийлжээ. Тус группийн тэргүүн Жичин Сю “Зэсийн Khoemacau уурхайг худалдаж авсан нь ирээдүйд нүүрстөрөгч бага ялгаруулдаг дэлхийн тэргүүлэгч уул уурхайн компанийг бий болгох бидний алсын харааны чухал алхам бөгөөд хувьцаа эзэмшигчдэдээ урт хугацааны үнэ цэнийг бий болгоно” гэж мэдэгджээ. Тус уурхайн эзэмшлийн төлөө Хятадын группээс гадна Өмнөд Африкийн 3 компани өрсөлдсөн. MMG группийн энэхүү хэлэлцээрийн санхүүгийн зөвлөхөөр Macquarie Capital, Citigroup ажиллажээ.