Xanadu Mines компани Өмнөговь аймагт байрлах зэс-алтны Хармагтай төслийг Хятадын Zijing Mining группийн 35 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хамтран хэрэгжүүлж байна.
Xanadu нь сүүлийн 24 сарын хугацаанд хийсэн өрөмдлөгийн ажлын үр дүнд шинээр 2.1 сая тонн зэс, 5.6 сая унц алтны нөөц тооцоолжээ. Улмаар Хармагтай нь нийт 3.4 сая тонн зэс, 8.5 сая унц алтны нөөцид хүрээд байна. Энэ нь 2021 оны нөөцийн тооцооллоос зэс 15 хувиар, алт 9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт аж.
Xanadu Mines компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Колин Мурхед “Нөөцийн шинэчлэл нь Xanadu болон хамтарсан түнш Zijin Mining-ийн хувьд чухал үйл явдал. Хармагтай нь дэлхийн хэмжээнд зэс, алтны боловсруулаагүй хамгийн том нөөцийн нэг болох байр суурийг бататгаж байна. Шинэчлэгдсэн нөөцийн 63 хувь нь баталгаат түвшинд хамаарч буй нь найдвартай үйлдвэрлэлийг бататгаж байгаа” гэжээ.
Хармагтай төслийн олборлолтыг эхлүүлэх шийдвэр 2024 оны гуравдугаар улиралд тодорхой болох төлөвтэй.