Хятадын зарим хот орон сууцны царцсан төслүүдийг барьж эхэлнэ гэж мэдэгдсэний дараа төмрийн хүдрийн үнэ өсжээ. Тухайлбал, Жэнжоу хот орон сууцны “гацсан” төслүүдийг 1 сарын дотор барьж эхлэхээ амласан байна. Энэхүү мэдэгдэлтэй холбоотой Даляны түүхий эдийн биржийн пүрэв гаригийн (2022.09.08)арилжаагаар төмрийн хүдрийн үнэ 101.54 ам.доллар/тонн хүрч 3.1 хувиар нэмэгджээ.
Дотоодын цар тахлын хязгаарлалт нь орон сууцны барилгын ажил тасалдан, улмаар үл хөдлөх салбарын уналтад нөлөөлөх эрсдэлтэй өндөр тул тус улсын 80 хотын иргэд ипотекийн зээлийн төлбөрөө зогсоох талаар мэдэгдсэн аж. Хятадын барилгын салбар идэвхэждэг оргил үе буюу ес, аравдугаар сард эрэлт нэмэгдэх эсэх хандлагыг шинжээчид анхааралтай ажиглаж байна. Хэрэв өсөлт гарахгүй бол тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын ноцтой байдлыг илтгэнэ гэж үзэж байгаа юм. Наймдугаар сард Хятадын төмрийн хүдрийн импорт өмнөх сарынхаас 5.5 хувиар өсжээ. Өнгөрсөн сард 96.21 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна.