Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Боомтын сэргэлт”-ийн зорилтод туссан Монгол Улсад хуурай боомтуудыг хөгжүүлэх ажил 2024 оноос хэрэгжих гэж байна. Энэ ажил гадаад худалдааны эргэлтийн дийлэнхийг бүрдүүлдэг Замын-Үүд боомтоос эхэлнэ. Дэд бүтцийн нөхцөл нь харьцангуй бүрдсэн тус боомтын ойролцоо “Бүс нутгийн логистикийн төв”-ийг байгуулахаар болжээ. Энэ жилийн эхний хагаст багтаан Хуурай боомтын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж дуусгахаар төлөвлөжээ.
2016 онд НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан байдаг. Энэ нь далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт юм. 2021 оны байдлаар 27 орны 270 орчим хуурай боомтыг тодорхойлж, хоорондын тээвэр эхэлжээ. Тухайн орны дэд бүтэц Транс Азийн төмөр зам, Азийн хурдны авто замын сүлжээнд нэгдсэнээр давуу тал болдог байна. Тэгвэл манай улсын Замын-Үүд-Алтанбулаг боомтыг холбосон авто зам нь олон улсын АН3 сүлжээнд нэгдсэн. Булган боомтоос Ташаант хүртэлх авто зам нь олон улсын АН4 сүлжээнд хамаардаг. “Боомтын сэргэлт”-ийн бодлогоор эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах хүрээнд Хуурай боомтыг төвийн бүсэд Улаанбаатар, Хөшигийн хөндий, Сайншанд, ЗамынҮүд, Алтанбулагт, зүүн коридорт Бичигт, Чойбалсан, баруун коридорт Ховдод байгуулахаар тодорхойлжээ. НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрт Хөшигийн хөндий, Бичигт, Ховд гэсэн гурван байршлыг нэмж тусгуулсан байна. Ингэснээр Монгол Улс ЗамынҮүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд байгуулахаар болж Замын-Үүдээс ажил эхэлж байна.
Замын-Үүд нь ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон Эдийн засгийн төв коридорын нэг зангилаа юм. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр тус боомтын хүчин чадлыг өргөтгөх төсөл дуусаж байна. Уг шинэчлэлээр 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолбор 8 дахин томорч, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтцээр өргөжинө. 2023 оны арванхоёрдугаар сард зорчигчийн хэсэг ашиглалтад орсон бол энэ оны эхний улиралд ачаа тээврийн хэсгийг нээхээр төлөвлөжээ. Сүүлийн жилүүдэд манай улс Хятадын далайн Тяньжин боомтоос чингэлэг татах, тээвэрлэлтийн ачаалал дэд цэгтээ хүрсэн, түгжрэлийн улмаас тээврийн үнэ өндөр, тасалддаг гэх мэт хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа. Тяньнжины боомт дахь Монголын 10 га талбайд чингэлгүүдээ буулгаад нааш татна гэх зэргээр манайхан их хялбар ярьдаг. Бодит нөхцөл байдал огт өөр. Нэг цуваа галт тэрэг Улаанбаатар хотод орж ирэхэд өдрийн дотор 50 вагоныг тарааж буулгах техникийн, дэд бүтцийн, логистикийн нөхцөл, хүчин чадал байхгүйг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга тайлбарласан. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс анх удаа Замын-Үүд боомтын ачаа тээврийн терминалыг 24 цагийн горимд шилжүүлэн 2 долоо хоногийн хугацаанд туршаад байна. Тиймээс хуурай боомтууд, төвлөрсөн хот сууринд ачаа тээврийн логистикийн терминал, төвүүдийг байгуулах ажлыг хувийн хэвшилтэй хамтран шийдвэрлэх боломжтой гэж сайд Б.Тулга үзэж байна. Олон улсын тээвэр логистикт нэгдсэн манай улс цаашид хуурай боомт байгуулах хөрөнгө оруулалтын хэрэгцээ үүсэж буй нь энэ.
Хуурай боомтыг байгуулахад томоохон дэд бүтэц, тоног төхөөрөмжийн байгууламж, тэр чинээгээр хөрөнгө оруулалт шаардлагатай. Хилийн тухай хуулиар улсын хилийн батлан хамгаалах, аюулгүй байдлыг илүүтэй зохицуулдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл хил дамнасан байгууламж, зурвас газарт компаниуд бүтээн байгуулалтад оролцох эрх зүйн орчим хомс гэсэн үг. Тиймээс эдийн засгийн гол хөшүүрэг эрдсийн экспорт, бүтээн байгуулалтын тоног төхөөрөмжийн импортын саад тотгорыг шийдвэрлэх боомтын хөгжлийн асуудалд хувийн хэвшлийг оролцуулах, хөрөнгө оруулалт татах, суурьшлын бүс байгуулах, эзэнтэй болгоход эрх зүйн орчныг нээлттэй болгох асуудал хөндөгддөг. 2022 онд Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын АНДЭЗНК-той хамтарч Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор”-ын төв, баруун болон зүүн коридорын дагуух боомт, чөлөөт бүсэд тулгуурлан хуурай боомт байгуулах боломжийн талаар үнэлгээ хийжээ. Үүний зэрэгцээ олон улсын чанартай хуурай боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэслэлийг харьцуулан судалжээ. Монгол Улстай адил далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ангилалд багтдаг Балба, Казахстаны хуурай боомтод үйлчлэх эрх зүйн орчныг авч үзсэн байна. Замын-Үүд чөлөөт бүстэй ижил хоёр улсын хил дээрх чөлөөт бүсийн дэд бүтцэд түшиглэн хөгжүүлсэн боомт бол Казахстаны Хоргос юм. Казахстан, Хятад улсын хамтарсан компанид эзэмшүүлэн Хоргос хуурай боомтыг хөгжүүлснээр өдгөө жилд 30 сая тонн ачааг шилжүүлэн төмөр замаар тээвэрлэж буй ажээ. Тухайн боомт нь Хоргос эдийн засгийн чөлөөт бүсийн нэг хэсэг. 7 хоногийн турш 24 цагаар ажилладаг. Нийт ачааны 60 хувийг Европ руу дамжуулан тээвэрлэдэг байна. Манай улсад аливаа том төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, экспорт импортын худалдаа дэд бүтэц, боомтын нэвтрүүлэх чадамжаар хязгаарлагдаж ирсэн. Энэ нь олон улсад өрсөлдөх чансааг доош чангаадаг. Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улсын бараа, бүтээгдэхүүний үнийн бүтцийн 30 орчим хувийг тээвэр, логистикийн зардал эзэлж байна. Тээвэрлэлтийн хугацаа урт, дамжин өнгөрөх хил гаалийн хяналт шалгалт, хязгаарлалттай байдал болон техник технологийн нөхцөл, далайн тээврийн чингэлэг түрээсийн төлбөр өндөр зэрэг нь үүнд нөлөөлдөг.
Тэгвэл далайд гарцгүй орны хувьд транзит тээврийг хөгжүүлэн олон улсын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалттай уялдуулан гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэхэд Хуурай боомт ихээхэн ач холбогдолтой. Улс хоорондын хил гааль, тээвэр логистикийн нэгдсэн, цогц үйлчилгээ бүхий Хуурай боомт байгуулснаар Монгол Улсын экспорт, импортын ачаа бараа хил галиар саадгүй нэвтрэх, нутгийн гүнд буух, тухайн байршлаас шууд экспортлох давуу тал бий болно гэсэн үг. Заавал улсын хил дээр бус нутгийн гүнд байршдаг нь хуурай боомтын гол онцлог.
Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2024, №1(026)