АНУ-ын тарифын нөлөө хөгжиж буй Азийн улсуудын инфляцад нөлөөлөхгүй

Өнөөдөр (2025.04.09) Азийн хөгжлийн банкнаас Ази, Номхон далайн эдийн засгийн төлөвийн тухай тус банкны Ахлах эдийн засагч Эдуард Фэйбер танилцууллаа. 

Тэрээр хэлэхдээ, "Азийн хөгжлийн банкны дөрөвдүгээр сарын тайланд Азийн эдийн засаг өсөлт 2025 онд 4.9 хувь, 2026 онд 4.7 хувь болж буурах төлөвтэй гарсан. Харин хүнс болон эрчим хүчний үнэ дэлхийн дахинд буурснаар бүс нутгийн инфляц 2025 онд 2.3 хувь, ирэх онд 2.2 хүртэл буурна. 

АНУ-ын тарифын нөлөө хөгжиж буй Азийн улсуудын инфляцад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Азийн эдийн засгийн өсөлт бусад бүс нутагтай харьцуулахад сайн байна. АНУ-ын тарифтай холбоотой улс орнууд төсвийг нэмэгдүүлснээр инфляцад дам нөлөөлж болохоор байна. 

Кавказ, Төв Азийн орнуудын эдийн засаг 2025 онд 5.4 хувь, 2026 онд 5 хувь хүрнэ гэж таамаглаж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагтай ойролцоо түвшинд байна. БНХАУ-ын эдийн засаг арай бага буюу 4.7-4.3 хувьтай, Энэтхэгийн эдийн засаг өмнөх жилээс өсөж 6.7-6.8 хувийг өндөр үзүүлэлт гаргах төлөвтэй байна.

БНХАУ-ын үл хөдлөхийн зах зээл өсөлт эдийн засгийг хойш татсан тохиолдолд Монголын эдийн засагт нөлөөлнө гэж үзэж байна." гэв. 

Азийн хөгжлийн банкнаас гаргасан эдийн засгийн төлөвийг бууруулах эрсдэл

АНУ-ын бодлогын өөрчлөлт
Дөрөвдүгээр сарын эхээр зарласан АНУ-ын тариф бүрэн хэрэгжих, АНУ-ын худалдааны бодлогын цаашдын өөрчлөлт нь төлөвийг улам дордуулж болзошгүй бөгөөд тодорхойгүй байдал их хэвээр байна. 
Хүлээгдэж байгаагаас илүү тэлэх төсвийн бодлого баримталснаар инфляцыг өдөөж, АНУ-ын зээлийн хүү одоогийн төсөөлж байснаас удаан хугацаанд өндөр байна. 

Зөрчилдөөн, геополитикийн хурцадмал байдал
Ойрх Дорнод дахь хурцадмал байдал нь нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг дахин үүсгэж болохоос гадна хүнс, эрчим хүчний үнэ өсөх, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болон эрсдэлээс зайлсхийх төлөвт хүргэж болзошгүй юм. ОХУ-ын Украин дахь дайныг зогсоох боломжтой эсэхтэй холбоотой эрсдэлүүд мөн хэвээр байна. 

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эмзэг байдал
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл цаашид муудах нь Азийн хамгийн том эдийн засгийн өсөлтийн төлөвийг сулруулж, бусад бүс нутагт нөлөөлж болзошгүй юм.