Монголын уул уурхайн үндэсний ассоциациас "Уул уурхайн салбарын ажиллах хүчний судалгаа"-ны тайлан гаргасан байна. Тус тайлангийн тоон судалгаанд 26 аж ахуйн нэгж, чанарын судалгааны түүвэрт "Оюу Толгой" ХХК, "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ, "Энержи Ресурс" ХХК, "Болдтөмөр Ерөө Гол" ХХК, МУИС, ШУТИС, МГТИС хамрагджээ. Судалгааг "Монголиа Талент Нэтворк" ХХК хийжээ.
Судалгаанд хамрагдсан нийт 26 компани үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран ажиллах хүчний 100 орчим хувь нь үндсэн ажилтнуудаас бүрдэж байна. Тэгвэл уул уурхайн хөгжлөөр тэргүүлэгч Чилийн ажиллах хүчний үндсэн ажилтны эзлэх хувьд 32, гэрээт ажилчид 68 хувийг бүрдүүлдэг байна.
Ажиллах хүчний бүтцээр ашиглалт, хайгуул, үйлчилгээний 37-49 хувийг операторууд эзэлж байна. Харин ханган нийлүүлэлтийн 40 хувьд засварчид эзэлжээ.
Уул уурхайн салбарын ажилчдын нас бүлгээр ангилбал, ашиглалтын салбарт 18-34 насныхан 59 хувийг бүрдүүлсэн. Харин хайгуулд 46 хувь, үйлчилгээнд 41 хувь, ханган нийлүүлэлтэд 44 хувийг тус тус эзэлж байна.
Салбарын эмэгтэй ажиллах хүчний тоо үйлчилгээ болон ханган нийлүүлэлтэд өндөр байна. Харин ашиглалт, хайгуулд 14-16 хувьтай гарчээ. Эмэгтэй ажилтнуудын оролцоо ашиглалт, хайгуулд 22-24 хувьтай бол үйлчилгээ, ханган нийлүүлэлтэд 55-65 хувьтай байна. Анхаарал татах чиглэл нь ашиглалт, хайгуулд засварчин эмэгтэй ажилтнуудын тоо 0 гарчээ.
Монгол компаниудын ур чадвар олгох сургалт Чилийнхээс бага байна. Энэ нь сургалтад гаргадаг зардал, өндөр байгаатай холбоотой байж болохоор байна.
Ур чадварын менежментийн үр дүнгээс:
Нэг ажилтанд ногдох сургалтын цаг
Ажилтын тус бүрд ногдох жилийн дундаж сургалтыг цагийг Чили Улстай харьцуулсан байдлаар харахад Монгол Улс 31 цаг байхад Чилийн хувьд 39 байгаа нь Чили ажилтнуудаа сургах тал дээр Монголтой харьцуулахад илүү цаг зарцуулдаг нь тэдний мэргэшлийн түвшинг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч буйг харуулж байна.
Ажилтын тутмын оролцоо
Чилийн уул уурхайн салбарт ажиллаж буй ажилтнууд жилд дунджаар 6.2 удаа мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байхад судалгаанд хамрагдсан Монголын байгууллагуудын ажилтнуудын сургалтад хамрагдах давтаж дунджаар 2.2 удаа байна. Энэ нь Монголын уул уурхайн байгууллагууд ажилтнуудаа тогтмол сургалтад хамруулж, сургалтад оролцох давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Сургалтын индекс
Чилийн жилийн нийт ажлын цагт эзлэх сургалтын цаг манайхаас 1.73 дахин өндөр байгаагаас тэд сургалтын чанарыг сайжруулах, ажилтнуудын ур чадвар дээшлүүлэхэд илүү анхаардгийг илтгэж байна.
Нэг ажилтанд ногдох сургалтын төсөв
Чилийн нэг ажилтанд ногдох сургалтын төсөв судалгааны үр дүнд гарсан үзүүлэлтээс 2.4 дахин өндөр байна. Энэ нь Чилийн ажилтнуудаа мэргэшүүлэх сургалтад илүү их хөрөнгө зарж, тэдний ур чадвар болон мэргэжлийн түвшинг сайжруулахад анхаарч байгааг харуулж байна.
Сургалтын зардал
Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн нэгж цаг тутамд ногдох сургалтын зардал Чилээс 11.4 дахин их байгаа нь нэгж сургалтын цагт ногдох зардлыг бууруулж, сургалтын бүтээмж, үр ашигт анхаарал хандуулах шаардлагатай байна.
Нэгж сургалтад хамрагдагчид ногдох зардал
Сургалтад хамрагдсан ажилтан бүрд ногдох сургалтын зардал Чилээс 2.5 дахин өндөр байна. Үүнээс сургалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн стратегийг боловсруулж, зардлын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх боломж байгаа нь харагдаж байна.