Саудын Арабын уул уурхайн Ma’aden компани ховор металл боловсруулах түншлэл байгуулахаар гадаадын дөрвөн компаниас нэгийг нь сонгохоор хэлэлцээр хийж байна. Энэ нь АНУ-д төвтэй MP Materials, Хятадын Shenghe Resources, Австралийн Lynas Rare Earths, мөн Канадын Neo Performance Materials зэрэг компаниуд аж. Төрийн Ma’aden компани зургаадугаар сар гэхэд ховор металл боловсруулах үйлдвэр байгуулахад хамтран ажиллах гадаадын түншийг сонгохоор төлөвлөжээ.
Хэлэлцэж буй дөрвөн компанийн дотроос Shenghe Resources, Neo Performance Materials компаниуд ГХЭ боловсруулах, соронз үйлдвэрлэх чиглэлээр хамгийн их туршлагатай юм байна. Lynas Rare Earths-ийн хувьд Малайзад ГХЭ боловсруулж, Техас мужид нефть боловсруулах үйлдвэр барьж буй. MP Materials нь Shenghe Resources-той хамтран Вьетнамын ГХЭ боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулсан ч энэ түншлэлээ цуцална гэдгээ оны эхээр мэдэгдсэн.
Хятадын Геологийн албаны геологичид 2023 оноос хойш Саудын Арабын ашигт малтмалын нөөцийн зураглалыг гаргаж байна.
Энэ сард Бээжин ГХЭ, соронз болон зарим чухал металлын экспортдоо хязгаарлалт тавьсан.
2024 оны арваннэгдүгээр сард Саудын Арабын Засгийн газрын үндэсний хөрөнгө оруулалтын стратегийн хүрээнд хэрэгжиж буй “Дэлхийн нийлүүлэлтийн хэлхээний тогтвортой байдлын санаачилга”-аар тус улс Энэтхэгийн Vedanta компанийн зэс хайлуулах болон Хятадын Zijin Mining-ийн цайр боловсруулах үйлдвэрүүдэд нийт 9.32 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдсэн. Саудын Арабын Баялгийн сан нь Калифорнийд төвтэй цахилгаан машин үйлдвэрлэгч Lucid компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд 2023 онд АНУ-аас гадна Саудын Арабд анхны үйлдвэрээ нээсэн юм. Түүнчлэн, Австралийн Hastings Technology Metals компани ГХЭ боловсруулах чиглэлээр стратегитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бол АНУ-ын Critical Metals компани Obeikan групптэй Саудын Арабд литий боловсруулах үйлдвэр барих санамж бичиг үзэглээд байна.
Баялгийн сангийн хяналтад байдаг Ma’aden компани 2024 оны тавдугаар сард далайн уснаас лити амжилттай олборлож, одоо арилжаалахаар ажиллаж буйгаа мэдээлжээ.