Замбийн Засгийн газар “Айвенхоу Майнз”-д 7757 км2 талбайд хайгуулын шинэ тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ нь уг компанийн Баруун урд хайгуулын төслөөс гурав дахин том багц аж. Замбийн Геологийн албаны мэдээлснээр Айвенхоугийн лицензийн талбайн бүс нутгийн агаарын геофизикийн өндөр нарийвчлалтай судалгаа хийж дуусгаж, хайгуулын ажлыг түргэсгэж байна. Тус улсын Уул уурхай, эрдэс баялгийн хөгжлийн яам болон “Айвенхоу Майнз” хооронд харилцан ойлголцлын санамж бичигт (2024.09.10) гарын үсэг зурсан нь ийнхүү ажил хэрэг болж буй.
Шинэ тусгай зөвшөөрлийн багц нь Айвенхоугийн Баруун урд хайгуулын төслийн талбайгаас 230 км зайд байрладаг аж. Энэ нь Камоа-Какула зэсийн цогцолбор, мөн Мококо, Киала зэрэг ашигт малтмал өндөр нөөц бүхий Төв Африкийн зэсийн бүсийн баруун захад хамаардаг байна. “Айвенхоу Майнз”-ийн геологийн баг зэсийн шинэ хүдэржилтийн хайгуулын судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Замби улсын Ерөнхийлөгч Хакаинде Хичилема “Өнөөдөр бид “Айвенхоу Майнз” компанийг манай ард түмэнд хөгжил цэцэглэлт, ажлын байр, өсөлт хөгжлийг амлаж буй уул уурхайн салбарт шинэ хуудас нээж байна. Зэсийн хайгуулын энэ шинэ хөрөнгө оруулалт нь зөвхөн 2031 он гэхэд 3 сая гаруй тонн зэс үйлдвэрлэх манай Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм”
“Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд “Бид Замбийн хайгуулын салбарт өөрсдийн үйл ажиллагааг өргөжүүлж, Төв Африкийн зэсийн бүс хэр урт үргэлжилж буйг судлах боломж тохиосонд баяртай байна. Замби, Ангол дахь манай шинэ тусгай зөвшөөрлүүд нь Конго улсад хийсэн нээлтүүдтэй геологийн хувьд ихээхэн төстэй юм. Тиймээс хайгуулын шинэ ажилдаа Айвенхоугийн геологичид Камоа-Какула гээд өнөөг хүртэл 50 гаруй сая тонн өндөр агуулгатай зэсийн нөөц илрүүлсэн гүн гүнзгий мэдлэг, туршлагаа ашиглах болно. Калахарийн гүехэн элсэн дороос дэлхийн хэмжээний зэсийн олон орд илрүүлнэ гэдэгт бид итгэдэг.”
2024 оны наймдугаар сард Замбийн Уул уурхай, эрдэс баялгийн хөгжлийн яам тус улсын баруун бүс нутгаас агаарын геофизикийн үндэсний хэмжээний судалгааг эхлүүлжээ. Энэ бүс нутагт Айвенхоугийн шинэ тусгай зөвшөөрлийн багц хамаарч байгаа. Геофизикийн судалгаа уг судалгаагаар 300 метр тутамд өндөр нарийвчлалтай агаарын соронзон зураглалыг хийх аж. Нийт үр дүн нь Айвенхоугийн хайгуулын ажлыг хурдасгаж, хугацаа болон зардлыг дор хаяж зургаан сараар хэмнэх юм байна. Тус компанийн хайгуулын ажил 2025 оны хоёрдугаар улиралд эхлэх төлөвтэй.