Мягмар гаригт (2024.03.11) төмрийн хүдрийн үнэ 7 хувиар буюу наймдугаар сараас хойш анх удаа 110 ам.доллароос доош буурав. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт тулгарч буй бэрхшээлүүд гангийн эрэлтэд нөлөөлж байна. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал дуусах болоогүй байна гэж шинжээчид тодорхойлжээ.
Зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар, даваа гаригт Бээжин хотноо өндөрлөсөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь хөрөнгө оруулагчдад ямар нэгэн итгэл төрүүлсэнгүй. Мөн Сар шинийн баяраас хойш үл хөдлөх хөрөнгийн салбарт бүтээн байгуулалтын ажил идэвхжих шинж тэмдэг ажиглагдахгүй байгааг онцолсон. Хятадын томоохон хурал төмрийн хүдэр, зэс зэрэг гол түүхий эдийн үнийг өсгөж чадаагүй нь Бээжингийн эдийн засгийн өсөлтийн амбицтай зорилт болон түүнд хүрэх төлөвлөгөөнд зах зээл итгэлгүй байгааг харууллаа гэжээ. Энэ жил тус улс эдийн засгаа 5 хувиар өсгөх зорилттой.
Хятадын ган үйлдвэрлэгчдийн ашиг орлого муу байгаа нь гарцаа бууруулахад хүргэж, улмаар хүдрийн үнэд сөргөөр нөлөөлсөн гэж Everbright Futures-ийн судлаач тэмдэглэжээ. Зардал нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн хямралаас үүдэлтэй эрэлт сул буйгаас үйлдвэрлэлээ танахаар төлөвлөж байна. Тухайлбал Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юнань мужийн гангийн үйлдвэрүүд алдагдлаа бууруулахын тулд олборлолтоо 500 мянган тонноор бууруулах аж. GMK-ийн мэдээллээр, 2023 онд Хятад улс 1.019 тэрбум тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 0.6 хувиар өсжээ.