Э.МИШЭЭЛ
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны нэгдүгээр улирлын тайлан танилцууллаа. Уул уурхай, олборлох салбарын үзүүлэлтээс хүргэе.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар, 2019 онтой харьцуулахад 1.7 дахин өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 859 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд уул уурхайн олборлолт 641 тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэр 125 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 641 тэрбум төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 732 тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 28 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, чулуун нүүрс, мөнгөний баяжмал, төмрийн хүдэр, баяжуулсан нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.7 хувиас 3.7 дахин өсөж, харин зэсийн баяжмал, цэвэршүүлээгүй алт, газрын тос 0.5–9.8 хувиар буурчээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 977 тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 1 их наяд төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 10 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: ҮСХ