Э.МИШЭЭЛ
Өнөөдөр (2024.04.26) planetGOLD Монгол төсөл "Алтны бичил уурхайчид нийгмийн зайлшгүй үйлчилгээ авах боломж, хүртээмжийн судалгаа"-ны тайлан танилцууллаа. Тус судалгаанаас бичил уурхайчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын хамрагдалт бусад хүн амын бүлгээс доогуур түвшинд байгаа нь харагджээ. Судалгааны хөндлөнгийн судлаач, МУИС-ийн ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Д.Амаржаргал "Манай судалгаанд бичил уурхайн салбар эрчимжиж эхэлсэн үе буюу 2000-аад оноос ажиллаж эхэлсэн бичил уурхайчдын хувьд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй хүмүүс дийлэнх хувийг эзэлдэг. Үүнд онцгойлон анхаарах шаардлагатай нь харагдсан. Тэтгэвэр тогтоолгох насанд хараахан хүрээгүй байхдаа эрүүл мэндийн хувьд доройтох, бичил уурхайн ажлыг хийхэд хүндрэлтэй болох явдал бичил уурхайчдын дунд түгээмэл тохиолдож байна" гэв.
Зургийн тайлбар: МУИС-ийн, ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн Ахлах багш, planetGOLD төслийн хөндлөнгийн судлаач Д.Амаржаргал
Зургийн тайлбар: planetGOLD Монгол төслийн гүйцэтгэгч Канадын Алтны бичил уурхайн зөвлөлийн
гүйцэтгэх захирал Рене Рожер Тиссот
"Алтны бичил уурхайчид нийгмийн зайлшгүй үйлчилгээ авах боломж, хүртээмжийн судалгаа"-г Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ аймагт хийсэн байна. Тус төслийн менежер Б.Алтанбагана "Судалгааг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Сургуулийн өмнөх боловсрол гэсэн таван сэдвээр хийсэн. Судалгаанаас харахад бичил уурхайчдын асуудал юунаас уялдаж гарч байна вэ гэхээр хууль, эрх зүйн тогтворгүй байдал, бичил уурхайн хуулийн ойлгомжгүй байдалтай холбоотой гэж харж байна. Мөн бичил уурхайчид байнгын ажлын байртай биш. Иймээс татвар, нийгмийн даатгал төлдөггүй. Энэ нь Монгол Улсын нэлээд хувийг эзэлдэг хүмүүсийн ирээдүйд эрсдэл учирч байна" гэв.
Зургийн тайлбар: planetGOLD Монгол төслийн менежер Б.Алтанбагана
Судалгааны зөвлөмжид нийгмийн даатгалд хамрагдалтыг нь нэмэгдүүлэхэд саад болж буй хүчин зүйлсийг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд хамруулна. Мөн ХАБЭА (Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй)-н арга туршлагыг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх, тэдний онцлог хэрэгцээг хангах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, явуулын эмнэлгийн үйлчилгээ уурхайн талбай дээр давтамжит байдлаар үзүүлэх, эдгээр үйлчилгээний талаарх мэдлэг, ойлголтын түвшинг нэмэгдүүлэх зорилтот сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэрэгтэйг дурдсан. Түүнчлэн явуулын буюу гэр цэцэрлэг ажиллуулах санал санаачилгыг нь дэмжих шаардлагатай байгааг онцолжээ.