Э.МИШЭЭЛ
Өнөөдөр (2024.04.30) Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) "Эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй зарим асуудал" сэдвээр сэтгүүлчдэд илтгэл тавилаа. "Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд улс төр, хууль эрх зүйн тогтворгүй байдал нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахад эерэг дүн авчраагүй. Хэдийгээр эрх баригчид салбарын хуулиудыг сайжруулах гэж өөрчлөлт оруулдаг гэдэг. Гэтэл нөгөө талд гадаадын хөрөнгө оруулагч нарт тогтворгүй байдал гэж хүлээж авдаг" хэмээн МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хэлсэн юм.
Уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлдэх, туршлагатай боловсон хүчин төрийн албанд авч үлдэхэд анхаарах болсон байна. Жилд дунджаар 100 төгсөгч тутмын нэг нь уул уурхайн инженерийн чиглэлээр төгсдөг. Мөн төрийн албанд салбараа ойлгодог мэргэжилтэн дутмагаас зөвшөөрөл авах хугацаа сунжирдаг аж. Энэ талаар Г.Эрдэнэтуяа "Уул уурхайн салбарыг цаг хугацаа бага зарцуулж тогтмол явуулахад боловсон хүчин дутмаг байна. Алтны үндсэн орд буюу дундаж хэмжээтэй уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхэд 287 зөвшөөрөл, зөвшөөрлийн шинж чанартай бичиг хэрэг болдог. Хуульдаа бүх бичиг баримт ажлын 18 өдөрт гарна гэж заасан. Энэ хугацаанд бараг гардаггүй. Нөгөө талаар ийм хэмжээний бичиг баримт бүрдүүлэхэд 2-2.5 жил шаарддаг. Бичиг баримтаа бүрдүүлээд очиход залуу боловсон хүчин эхнээс нь бичиг баримтыг судалж, сурах шаардлагатай болдог. Иймээс зөвшөөрлийн бичиг баримтууд хугацаандаа гардаггүй."
"Монгол Улсад жилд 140 мянга орчим боловсон хүчин бэлтгэгддэг. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засаг, төсөвт голлох үүрэгтэй боловч уул уурхайн салбарын мэргэжлүүд хамгийн эрэлттэй хоёр мэргэжилд орж ирээгүй. Инженерийн төгсөгчид цахилгаан болон дэд бүтэц гэсэн чиглэлээр орж ирдэг. Ингээд 18 мянга орчим инженер бэлтгэгдэж байгаа юм. Эрэлтийн хувьд инженер эхний 20-т багтдаггүй. 18 мянган инженерээс 1,400 орчим нь уул уурхайн салбараар төгсдөг. Эндээс эрэлт нийлүүлэлтийн харьцаа алдагдчихсан." гэв.
Ашигт малтмалын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш хоёр удаа шинэчлэн найруулж, 44 удаа нэмэлт өөрчлөлт оржээ.