Жижиг төслүүдэд ГШХО татах боломж

Э.МИШЭЭЛ

Монгол Улсын эдийн засагт шинэ нөхцөл байдал үүсэж байна. Хөгжиж буй, тэр дундаа уул уурхайгаас хамааралтай улсуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй байдаг. Манай улсад 2013- 2019 онд ГШХО болон ДНБ харилцан хамааралтай явж ирсэн бол сүүлийн хэдэн жилд нүүрсний экспортоос хамааран байдал өөрчлөгджээ. Өнгөрсөн дөрвөн жилд ГШХО-ын хэмжээнд өсөлт мэдрэгдээгүй ч ДНБ 7 тэрбум ам.доллароор өсөв. Цаашид ч нэмэгдэх шинжтэй. Үүнтэй уялдуулан гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал шаардлагатайг судлаачид онцолж байна. Учир нь одоо хийгдсэн хөрөнгө оруулалт урт хугацаандаа ДНБ-ий өсөлтийн суурь болох юм. Энэхүү суурийг хангахад уул уурхай, газрын тосны салбарт ГШХО-ыг богино хугацаанд, өндөр дүнгээр татах хангалттай нөөц бололцоо байна.


ГШХО 800 сая ам.доллароор буурах төлөвтэй

Монгол Улсад 1990 оноос хойш нийт 42.4 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт оржээ. Үүний 73 хувь буюу 31 тэрбум ам.доллар нь зөвхөн уул уурхай, олборлох салбарт хамаарна. Ялангуяа “Оюутолгой” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш ГШХО-ын орох урсгал ихээхэн нэмэгдсэн. Өнгөрсөн 2010-2022 онд 36.6 тэрбум ам.долларын ГШХО-ын орох урсгалын 22 тэрбум нь Оюутолгой төслийнх. Монгол Улсын Төв банкнаас гаргасан тайланд ГШХО-ын орох урсгал 2025 онд 2024 онтой харьцуулахад 800 сая ам.доллароор буурна гэжээ. Үүнийг сүүлийн 10 жилийн дунджаар үзэхэд ихээхэн “алдагдал” гэж үзэж болно. ГШХО-ын уналтын нэлээд хувийг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ихэнх хэсэг дуусахтай холбоотой юм. Харин энэ онд Хөөт-Бичигт чиглэлийн 236 км төмөр замаас өөр тодорхой хэрэгжих томоохон төсөл байхгүй гэж Монголбанкнаас мэдээлж байна. Иймд ГШХО-ын бууралтын эсрэг арга хэмжээ авахгүй бол төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж ирсэн уул уурхайн салбар, цаашлаад эдийн засаг хүнд байдалд орж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна. Монгол Улсад орж ирэх ГШХО-ын орох урсгал 2011 онд оргил үедээ хүрснээр ДНБ-ий 54 хувийг эзэлж байжээ. Түүнээс хойш 2022 онд ДНБ 60 гаруй хувиар өссөн боловч ГШХО-ын орох урсгал бараг нэг дахин буурчээ. Өнгөрсөн хугацаанд манай уул уурхайн салбарт хамгийн их хөрөнгө оруулсан Нидерландын хөрөнгө оруулагчийн хувьд манай улсад 100 хувийн хөрөнгө оруулалттай хоёр компани нь 6,620 га талбайд 10 тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 45 хувийг эзэлжээ. Тэгвэл хамгийн олон эзэмшигч, зөвшөөрөл, талбайтай БНХАУ-ын хөрөнгө оруулалт 15 хувийг бүрдүүлсэн байна.

Салбарын өсөлтийг хангах нэг хууль

Гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд газрыг хугацаатай ашиглуулна гэсэн асуудалд шийдвэр гаргагчдын байр суурь хоёр хуваагдсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад татварын бус дэмжлэг хэсэгт газрыг 60 хүртэлх жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулж, анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэлх жилээр сунгана гэж тусгасан. Маргаан дагуулсан, бүр сонгууль угтсан улстөржилтийн нэг сэдэв болсон уг заалт уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад эергээр, сөргөөр ч, ер нь ямар ч байдлаар төдийлөн нөлөө үзүүлэхгүй юм. Учир нь уул уурхайн салбарт газрыг хэдий хугацаагаар ашиглах нь нэн чухал ач холбогдолгүй. Уурхайн нөөцийн хэмжээ, насжилттай шууд уялдаатайгаар тусгай зөвшөөрлөө сунгаад явдаг тул уг заалт байсан, байгаагүй ялгаагүй хэмээн уул уурхайн салбарынхан ярьж байна. Тоон мэдээллээс ч энэ нь тодорхой харагдана. Уул уурхай түшиглэсэн эдийн засагтай улсын хувьд энэ салбарт ГШХО-ыг татсаар байх нь зүйн хэрэг. Үүний тулд хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хуулиуд итгэл төрүүлэхүйц гэдгийг харуулах шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулагчдын онцолж харах хуулийн нэг нь Хөрөнгө оруулалтын тухай хууль юм. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгад уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлэх талтай ямар заалт багтсаныг хүргэе. Нэгд, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг хэн хариуцах нь тодорхойгүй, шийдвэрлэх явц удаан байдгийг хөрөнгө оруулагчид байнга сануулдаг. Энэхүү асуудлыг шинэчилсэн найруулгад хоёр бүлэгт зохицуулахаар болсон юм. Гомдлыг төрийн захиргааны байгууллагаас аваад Засгийн газрын хуралдаан хүртэл шийдвэрлүүлэх бололцоо бүрдэнэ. Харин маргааныг гурван сарын дотор шийдвэрлэж чадаагүй тохиолдолд олон улсын арбиртрт хандах эрхийг нээж өгчээ. Хоёрт, хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих төр захиргааны байгууллагын эрх, чиг үүргийг тодорхой болгосон. Үүнд Засгийн газрын бодлого шийдвэр гаргахаас эхлэн нутгийн өөрөө удирдах байгууллага хүртэлх бүрэн эрхийг тодорхойлсон. Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан этгээдэд төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Гуравт, олон улсаас Монгол Улсад суугаа дипломатчид уул уурхайн салбарт хэрхэн хамтран ажиллах боломж, нөхцөлийг нийгэмд сурталчилдаг. Энэхүү олон улсын жишгийг шинэчилсэн найруулгад тусгаж өгчээ. Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар нь хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин, дотоод зах зээлийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төсөл, хөтөлбөрийг сурталчлахаар тусгажээ. 2015 онд хууль эрх зүйн орчноос хасагдсан “Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн захиргааны төв байгууллагын бүрэн эрх” гэсэн зүйлийг өөрчлөн дахин оруулсан. Өөрчлөлтөд орсон нэг зүйл бол гадаадын төрийн өмчит хуулийн этгээдэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн захиргааны төв байгууллага олгохоор болжээ. Ингэснээр 50-иас дээш хувийн хувьцааг төр нь эзэмшдэг гадаадын компаниудад тус байгууллага үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох юм.

Хөрөнгө оруулалт жижигдэхгүй буюу ГАРЦ

Уул уурхайн салбарт ГШХО татах гэхээр Оюутолгой шиг том төсөл, хөрөнгө оруулалтаар төсөөлж, ярьдагаа болих хэрэгтэй байна. Жижиг төслүүдэд ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалт амин чухал. Уул уурхай, газрын тосны салбарт хэрэгжиж эхэлсэн, зэхсэн хэд хэдэн төсөл бий. Эдгээр төслөөс гурав нь гэхэд жилд тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгө оруулалт татахаар байна. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хөрөнгө оруулалт сүүлийн байдлаар 1.6 тэрбум орчим ам.долларт хүрсэн. Эхний шатны технологийн бус иргэний барилга байгууламжийн 97 сая ам.долларын санхүүжилт орж ирснээр эхний багц ажил дууссан. 

Энэ хавраас үлдсэн гурван багц ажлын санхүүжилт орж ирэх хүлээлттэй байна. Эдгээр багц ажлыг зэрэг эхлүүлэх бөгөөд технологийн барилга байгууламж, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтад үлдсэн санхүүжилтийг зарцуулна. Төслийг хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн мэдээлснээр 2027 оноос анхны бүтээг - дэхүүн гарах төлөвлөгөөтэй. Үүнээс харвал жил бүр дунджаар хагас тэрбум ам.долларын санхүүжилт газрын тос боловсруулах үйлдвэрт орж ирэхээр байна. Үүнээс гадна ойрын хугацаанд шинээр эхлэх боломжтой хөрөнгө оруулалт бол “Зөөвч-Овоо” ураны төсөл юм. Хүлээлт үүсгэсэн энэхүү төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг гуравдугаар сард УИХ-д өргөн барина хэмээн гэрээний Монгол Улсын талын оролцогч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс мэдэгдэж байгаа. Хэрэв Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан тохиолдолд 1.6 тэрбум ам.долларын шууд санхүүжилт 2028 он хүртэл хийгдэнэ. Үүгээр бол жилд дунджаар 400 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж үзэж болох юм. Олон улсын тавцанд эрэлт нь нэмэгдсээр буй ашигт малтмал бол газрын ховор элемент. Манай улсад газрын ховор элементийн зургаан ордоос “Халзан бүрэгтэй” төсөл арай ахицтай яваа. Тус төслийн боловсруулах үйлдвэрийн зардлыг 500-600 сая ам.доллар гэж урьдчилсан байдлаар тооцсон. Төслийн багийнхны хэлснээр нийт төслийн санхүүжилтийн талыг гадаад улсаас татах боломжтой аж. Тиймээс эдийн засгийн эргэлтэд оруулахад Засгийн газрын зүгээс төслийг гацаахгүй үргэлжлүүлэх хэрэгтэй байгаа. Дээрх төслүүдээс гадна газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын төслүүд ашиглалт руу шилжихэд бэлэн болоод байна. Газрын тосны хайгуулын “Петро Матад” ХХК ашиглалтын зөвшөөрөл олгосон тохиолдолд хавраас эхний олборлолтын өрөмдлөгөө эхлүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн уламжлалт бус газрын тосны “ТМК Энержи” ХХК 2024 онд багтаан ашиглалт руу шилжихээр төлөвлөж байна. Тус компаниас гадна нүүрсний давхаргын метан хийн “Жи ӨҮ Эйч” ХХК, “Петровис Ресурс” ХХК, “Метан Газ Ресурс” ХХК гэсэн гурван компани хайгуулаа амжилттай үргэлжлүүлж байгаа билээ. Энэ мэтчилэн Монголын уул уурхай, газрын тосны салбарт мега гэхээсээ илүүтэй жижиг төслүүд эрчимтэй хэрэгжиж магадгүй байна. Дахиж Оюутолгой шиг том орд илэрч, том төсөл хэрэгжээгүй үед “жижиглэнгийн зах зээл”-д идэвхтэй байх нь бас ч нэмэртэй хэмээн судлаачид үзэж байна. Ирэх 2025 онд ГШХО-ын хэмжээ 800 сая ам.доллароор буурах төлөвтэй. Мөн сүүлийн жилүүдэд ДНБ-ий өсөлт ГШХО-ын орох урсгалтай төдийлөн хамааралгүй болсон мэт харагдаж байгаа ч богино хугацаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр урт хугацаанд ДНБ-ий өсөлтийг хангахад чухал. Иймд бэлэн болчихсон төслүүдийг энэ жилээс төрөөс зөвшөөрөл олгож, дэмж - сэн тохиолдолд зөвхөн уул уурхай, олборлох, боловсруулах салбараас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ тэрбум ам.доллароос давах нөхцөл бүрэлджээ. Сүүлд таван жилийн өмнө “Степ Голд” компани IPO хийж 25 сая ам.доллар Торонтогийн хөрөнгийн биржээс босгож байв. Түүнээс хойш уул уурхайн жижиг төслүүд олон улсын зах зээлээс хангалттай хөрөнгө татаж чадсангүй. Хүсэл, зорилго тээсэн төслүүд цөөнгүй ч тэдэнд бодлогын дэмжлэг хэрэгтэй байна.

Майнинг Инсайт сэтгүүл, Хоёрдугаар сар, 2023 №2 (027)